Өнгөт арьст жирэмсэн эмэгтэйг баривчлахдаа нуруун дээр нь өвдөглөж буй цагдаагийн бичлэг эсэргүүцлийн жагсаалыг дахин эхлүүлэв

Өнгөт арьст жирэмсэн эмэгтэйг баривчлахдаа нуруун дээр нь өвдөглөж буй цагдаагийн бичлэг эсэргүүцлийн жагсаалыг дахин эхлүүлэв

АНУ-ын Канзас хотод цагдаагийн ажилтан өнгөт арьст жирэмсэн эмэгтэйг баривчлахдаа доош харуулан хэвтүүлж, нуруун дээр нь өвдөглөж буй бичлэг цахим сүлжээд тархаж, шүүмжлэл дагуулж байна. Цагдаагийн албанаас өгсөн тайлбарт "өнгөрсөн сарын сарын 30-ны өдөр тус хотод шатахуун түгээгүүрийн хажууд 15-20 хүн зодолдож байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж, зодооныг салгах явцад тус эмэгтэй цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан тул баривчилсан" гэжээ. Баривчлагдсан эмэгтэй нь Дежа Сталлингс гэх 25 настай бүсгүй бөгөөд есөн сартай жирэмсэн аж. Хэргийн газар дээр байсан гэрчүүдийн мэдээлснээр "есөн сартай жирэмсэн эмэгтэйг цагдаагийн албан хаагч чанга цохин, толгой нуруун дээр нь өвдөглөсөн” гэж мэдүүлжээ.

Харин хяналтын камер болон бусад бичлэгүүдэд эмэгтэйг цохиж байгаа нь бичигдээгүй байна. Цагдаагийн газраас “офицер баривчилгаа явуулахдаа эмэгтэйн нуруунд аль болох хүрэхгүй байхыг оролдсон” гэсэн тайлбарыг өгсөн ч арьс өнгөний үзэл ялангуяа, цагдаагийн албан хаагчдын ёс зүйн асуудал хөндөгдөж буй энэ үед иргэдийн уур бухимдлыг улам "дэврээсэн" үйл явдал болжээ. Бичлэг цацагдсаны дараа жагсагчид хотын захиргааны гадаа цагдаагийн дарга Ричард Смитийг огцрохыг шаардаж, хотын цагдаагийн газрын төсвийн 50 хувийг хар арьстай иргэдэд чиглэсэн нийгмийн үйлчилгээнд шилжүүлэхийг шаардсан байна.

Эх сурвалж: CNN