В.Путин Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарыг Москвад хүрэлцэн ирэхийг урьжээ

В.Путин Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарыг Москвад хүрэлцэн ирэхийг урьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарыг Москвад урьж, Уулын Карабахын мөргөлдөөний үеэр олзлогдсон цэргүүд болон амь үрэгдсэн хүмүүсийн шарилыг солилцох асуудлыг хэлэлцэхийг санал болгожээ.

Кремлээс гаргасан мэдэгдэлд “Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алив, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нартай хэд хэдэн удаа утсаар ярьсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч олзны цэргүүд болон амиа алдсан хүмүүсийн шарилыг солилцох хүмүүнлэгийн ажиллагааны үүднээс Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалж байна. Эдгээр асуудлыг ОХУ-ын Гадаад хэргийн сайдын зуучлалтайгаар хэлэлцэхийн тулд Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нарыг аравдугаар сарын 9-нд Москвад урьж байна” гэжээ.

Уулын Карабахын асуудлаар Армени, Азербайжаны үл ойлголцол есдүгээр сарын 27-нд хурцадсан бөгөөд газар нутгийн маргаантай уг бүсэд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.

Эх сурвалж: TASS