ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцуулах албадлагын шийдэлд ЗАСГИЙН ГАЗАР хүрсэн үү

ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцуулах албадлагын шийдэлд ЗАСГИЙН ГАЗАР хүрсэн үү

Засгийн газрын өчигдрийн /2020.10.07/ хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах арга замын талаар хэлэлцэж шийдвэр гаргана гэх мэдээлэл байсан ч хойшлуулжээ. Харин ирэх долоо хоногийн Лхагва гаригийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Ингэхдээ Засгийн газраас Нийслэлийн авто замын ачааллыг бууруулахын тулд нэлээдгүй албадлагын арга хэмжээ авч магадгүй байна. Энэхүү шийдвэрээ НИТХ-ын сонгуулийн дараа олон нийтэд танилцуулж, мөрдүүлэхгүй бол сонгуулийн үр дүнд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж тооцсон учраас ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулсан гэх мэдээлэл байгаа юм. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хэдэн сарын өмнөөс Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах боломжуудыг албаны хүмүүс судалж эхэлсэн бөгөөд ингэхдээ Нийслэлийн тодорхой бүсчлэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ангилж замын хөдөлгөөнд оролцуулах шийдэлд хүрсэн байж болзошгүй байна.

Улмаар ийнхүү ангилахдаа эхний тав хоног /ажлын/-т тэгш, дараагийн тав хоног /ажлын/-т сондгой гэсэн байдлаар хөдөлгөөнд оролцуулах эсвэл тэгш, сондгой дугаараар нь нэг, нэг өдрөөр ээлждүүлэх гэсэн шийдлүүдийг ярилцаж байж магадгүй байна. 

Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2020.10.02/ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар түгжрэлийг бууруулах арга замын тухай мэргэжилтнүүд ярилцаж ойрын хугацаанд авах арга хэмжээг танилцуулсан. Энэ үеэр ч тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах тухай яригдсан юм. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат "Сонгуулийн дараа иргэдийг такси үйлчилгээнд явуулахгүй байх улс төрийн шийдвэр гаргана" гэж мэдэгдсэн. 

Харин өчигдөр /2020.10.08/ Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэдээллийг түлхүү нийтэлдэг зарим хуудаст "Тэгш, сондгой дугаараар ангилан явуулахыг дэмжих үү" гэх санал асуулгыг олон нийтийн сүлжээнд явуулж байсан юм. 

Энэ бүхнээс дүгнэхэд Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаараа улс төрийн шийдвэр гаргаж дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах эсвэл торгуулиа төлөөгүй жолооч нарыг бүр явуулахгүй байх зэргээр зохицуулах шийдвэрийг гаргаж мэдэхээр байгаа юм. Ганц дугаарын хязгаарлалтаар зогсохгүй Улаанбаатар хотын авто замын үндсэн сүлжээг сайжруулах, хорооллын доторх гудамж замын уулзварыг нэмэх, тээврийн хэрэгслийн зогсоолыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах, дугуйн замыг нэмэгдүүлэх, автозамын зогсоолын асуудлыг бүсчлэх ажлыг хийх ч асуудлаар шийдвэр гаргаж магадгүй байна. 




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө