Амьтны хүрээлэнгийн тотинууд хүмүүсийг хараалын үгээр "доромжлох" болжээ

Амьтны хүрээлэнгийн тотинууд хүмүүсийг хараалын үгээр "доромжлох" болжээ

Их Британийн зэрлэг ан амьтдын цэцэрлэгт хүрээлэнгийн таван тотийг түр хугацаагаар бие биеээс нь тусгаарлах шийдвэр гарчээ. Учир нь тотинууд амьтны хүрээлэнгийн үйлчлүүлэгчдийг хараалын үгээр доромжилж эхэлсэн байна. Тус тотинуудыг Английн зүүн хэсэгт оршдог Линкольнширийн амьтны хүрээлэнгээс өнгөрсөн наймдугаар сард авчирсан бөгөөд хэнээс, хаанаас сурсан нь тодорхойгүй хараалын үгнүүд сурчээ. Тотинууд хараалын үгээр хоорондоо “хэрэлдэж”, хүмүүсийг доромжилж буй нь үйлчлүүлэгдэд хөгжилтэй санагддаг ч амралтын өдрүүдэд хүүхдүүд олноор ирдэг тул бие биенээс нь тусгаарлах шийдвэр гаргасан байна.

Амьтны хүрээлэнгийн захирал Стив Николс “Тотинууд намайг хажуугаар өнгөрөх бүрд тарган, бүдүүн гэх мэтээр доромжилдог байсан. Эхэндээ дасахад бэрх байсан ч, яваандаа хөгжилтэй санагдах болсон. Гэхдээ тотинуудын энэ “дэггүйтэл” хүүхдүүдэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж, тотинуудыг бие биеээс нь салгасан” гэжээ.

Эх сурвалж: CNN