Байден мэтгэлцээний үеэр “Дунд сургуулийн багш ч Трампаас илүү татвар төлсөн” гэжээ

Байден мэтгэлцээний үеэр “Дунд сургуулийн багш ч Трампаас илүү татвар төлсөн” гэжээ

Мягмар гарагийн орой эхэлсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны мэтгэлцээн эмх замбараагүй байдалд шилжиж, хэн хэнийхээ үгийг сонсолгүй хувийн дайралт хийсэн байдалтай болжээ.

Энэ үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден өөрийн өрсөлдөгч Дональд Трампыг “АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч” гэсэн ба мөн түүнийг “алиалагч” хэмээн дууджээ.

Трамп мэтгэлцээний үеэр Байдены хүү Хантер Байдены орлогын эх үүсвэрийн талаар дахин дахин асуухад Байден тэсэлгүй "Ийм алиалагчийн хажууд үг хэлэх хэцүү байна. АНУ-ын бүх цаг үеийн хамгийн муу ерөнхийлөгч" гэсэн байна.


Мөн Трамп Байдений хариулт бүр дээр үгийг нь тасалж өрсөлдөгчийнхөө тэвчээрийг баржээ. Гэсэн ч Байден мэтгэлцээн өрнөх тусам Трампын дайралтад дасч, үгээ мартаж, самгардалгүй ярьж сурсан байна.

Саяхан Нью-Йорк Таймс сонин дээр Трампыг сүүлийн 10 жил орлогын татвар маш бага төлсөн эсвэл бүр төлөөгүй ч байж болзошгүйг илчилсэн билээ. Тэгвэл Байден үүнийг нь иш татаж, “Дунд сургуулийн багш ч чамаас илүү татвар төлсөн” хэмээн хэлээд шударга ёсыг шаарджээ.

Эх сурвалж: CNN