Японы хулгайлагдсан иргэдийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж Хойд Солонгос мэдэгджээ

Японы хулгайлагдсан иргэдийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж Хойд Солонгос мэдэгджээ

БНАСАУ 1970, 1980-аад оны үед хулгайлагдсан Японы иргэдийн асуудал “бүрэн шийдэгдсэн” гэж лхагва гарагт мэдэгдсэнээр Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн тэргүүлсэн Засгийн газарт анхны тайлбараа өгсөн байна.

"Есдүгээр сарын 16-нд Японы Ерөнхий сайд болсон Сүга Ёшихидэ өмнөх ерөнхий сайдын нэгэн адил хулгайлагдсан иргэдийн асуудалтай "зууралдсаар" байна. Харин бид хулгайлагдсан иргэдийн асуудлыг чин сэтгэл, хүчин чармайлтаараа бүрэн шийдвэрлэсэн” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны судлаач мэдээлжээ. Япон, БНАСАУ 2014 оны тавдугаар сард хулгайлагдсан иргэдийн асуудлыг зохицуулах хэлэлцээний зарчмуудын талаар тохиролцоонд хүрчээ. Үүнтэй холбогдуулан Токио уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах амлалт өгсөн Пёньяны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ сулруулжээ. Гэвч БНАСАУ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл өгөхийг удаа дараа хойшлуулсаар иржээ. Пёньян цөмийн болон пуужингийн туршилт явуулсантай холбоотойгоор Токио 2016 оны хоёрдугаар сард тус улсын эсрэг хориг арга хэмжээг өргөтгөсний дараа БНАСАУ мөрдөн байцаах багийг татан буулгаж, мөрдөн шалгах ажиллагааг зогсоосон байна.

БНАСАУ энэ асуудалд “бүрэн” хэмээх үгийг анх удаа ашиглажээ. БНАСАУ-д Японы 17 иргэн хулгайлагдсан хүмүүсийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг ба тэдний тавыг 2002 онд нутаг буцаажээ. Мөн Япон улсын хувьд алга болсон өөр олон хүний хэрэгт БНАСАУ-ыг холбоотой хэмээн сэжиглэдэг байна.

Эх сурвалж: Kyodo