12 настайдаа сансрын инженерээр суралцаж буй Андерсон хүү

12 настайдаа сансрын инженерээр суралцаж буй Андерсон хүү

Дэлхий дээр гоц ухаантай хүмүүс олон байдаг бөгөөд тэдний бага насны түүх, сод авьяас билэг нь хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг билээ. Тэгвэл 12 насандаа коллежийн хоёрдугаар дамжаанд суралцаж буй Африк гаралтай нэгэн хүүгийн талаар танилцуулая. Түүнийг Калеб Андерсон гэдэг бөгөөд 2008 онд Америкийн Жоржиа мужид төржээ. Тэрээр хэлд орохоосоо өмнө дохионы хэлийг маш сайн эзэмшиж, эцэг эхтэйгээ төвөггүй ойлголцож сурчээ. Мөн хоёр настайдаа АНУ-ын Үндсэн хуулийг уншиж эхлэн, зарим хэсгийг нь тогтоож эхэлсэн байна. Ээж аав хоёр нь эхэндээ маш их гайхаж байсан ч хүүхдийн хөгжлийн талаар судалж, хамтдаа зарим зүйлийг хийж эхэлцгээжээ. Ингээд 11 сартайдаа хүү уншиж, бичиж сурсан байна.

Андерсон хүү удалгүй хамгийн өндөр "IQ"-тай хүмүүсийн "Mensa" нийгэмлэгт тэнцэж, испани, франц, мандарин хэлээр ярьж сурчээ.

Хүү цэцэрлэгт байхдаа багшийнхаа заасан хичээлийг хурдан хугацаанд ойлгож, гүйцэтгэдэг байсан бөгөөд багштайгаа хамтран ангийнхаа найзуудад хичээл заадаг байжээ. Ингээд бага насандаа сурч, эзэмших ёстой хичээлийн агуулгаа хурдан хугацаанд бүрэн судалж дууссан тул 10 настайдаа бага, дунд, ахлах сургуулиа дүүргэж чаджээ.

Удалгүй хүү “Ээжээ би уйдаж байна. Миний үзэж байгаа хичээлүүд тийм ч хэцүү биш юм. Одоо арван жилийн хичээлүүд суралцах чадвараа дээшлүүлэхэд минь тус болохгүй байх. Тиймээс би коллежид элсэж, суралцахад бэлэн байна гэж бодож байна” хэмээн хэлжээ. Ийнхүү Андерсон хүү Жоржиа мужийн Мариетта хотын Чаттахочээ техникийн коллежид сансрын инженер мэргэжлээр суралцаж байна. Тэрээр 14 насандаа коллежоо төгсөхөөр төлөвлөж байгаа аж.

Калеб Андерсон жолооны үнэмлэхээ авах эсвэл сонгуульд саналаа өгөх насанд хүрэхээс өмнө  аль хэдийн коллежийн боловсролтой болж, үе тэнгийнхэн нь ахлах сургуульд орж байхад эрдмийн зэрэг горилж байх боломжтой болжээ. Андерсон доороо хоёр дүүтэй бөгөөд Аарон, Ханна нар мөн багагүй авьяаслаг ажээ.

Таван настайдаа Mensa-д элсэхэд байгууллагынхан түүнийг уг хөтөлбөрт хамрагдсан хамгийн залуу Африк гаралтай Америк хүү гэж хэлжээ. Хүүгийн аав Коби "Тэр математикийн хувьд надаас хол давсан. Тиймээс түүнд миний туслалцаа хэрэггүй. Хүү маань есөн сартай байхдаа 250 гаруй хүний гарын үсгийг тогтоож байсан. Тэр үед л би хүүгээ онцгой гэдгийг нь олж харсан" хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Мөн “Африк гаралтай америк хөвгүүдийн тухай хүмүүс сөрөг хандлагатай байдаг гэж би боддог. Тэдний ихэнхийг гудамжны соёл суралцаж, гэмт хэрэгт орооцолдож явдаг гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ миний хүү энэ бодлыг өөрчилж, гоц ухаантай өнгөт арьстан болж байгаад маш их баяртай байна” гэж мэдэгджээ.