МАН төрхөмд нь буцаасан Хамтын тэтгэврийн хуулийг дахин хэлэлцэх шалтгаан юу вэ

МАН төрхөмд нь буцаасан Хамтын тэтгэврийн хуулийг дахин хэлэлцэх шалтгаан юу вэ

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн найм дахь парламентын намрын анхны чуулган ирэх Пүрэв гарагт буюу аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна хэмээн заасан. Намрын чуулганаар хууль, тогтоолын 112 төслийн жагсаалт бүхий “Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталсан юм.

Энэ удаагийн намрын чуулганаар

  • Төрийн нийтийн өмчийн тухай хуулийн төсөл,
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга,
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл,
  • Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 112 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Эдгээрээс анхаарал татаж буй хэд, хэдэн хууль байгаагийн нэг нь ХАМТЫН ТЭТГЭВРИЙН тухай хууль юм.

-ТАЛИЙГААЧ БОЛСОН ХӨГШНИЙХӨӨ ӨМНӨӨС ТЭТГЭВРИЙГ НЬ
АВМААРГҮЙ БАЙНА ГЭЖ ХӨГШЧҮҮЛ ХЭЛСЭН ГЭХ ШАЛТГААНААР
ХАМТЫН ТЭТГЭВРИЙГ БУЦААЖ БАЙВ-

ТОВЧ ТҮҮХ СӨХВӨЛ, С.Эрдэнэ /тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд/ нарын долоон гишүүн Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлан 2014 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн барьж бүтэн нэг жил хэлэлцүүлсний эцэст буюу 2015 оны 12 дугаар сард эцэслэн батлуулсан. Ингээд 2017 оны нэгдүгээр сараас тус хуулийг хэрэгжүүлэхээр тогтсон байв. Гэтэл С.Эрдэнийн уг мэдээллийг хийснээс зургаахан сарын дараа сонгууль болж МАН ялалт байгуулснаар хань ижлээ алдсан хөгшчүүлийн итгэл, найдвар болсон тус хууль замхрах тийшээ хандсан юм.

Тодруулбал, 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ-ын хамгийн эхэнд хийсэн ажил нь Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох байсан юм. Ингээд тэд 2016 оны есдүгээр сарын 6-ны өдөр Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож байлаа.

Хүчингүй болгосон шалтгаанаа тайлбарлахдаа, тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн "Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байна. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс тэтгэврийг нь авмааргүй байна гэх саналыг ахмадууд маань хэлж байна. Манай яаманд ийм санал их ирж байгаа. Тиймээс энэхүү хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм" гэв.

Түүний тайлбар нэртэй шалтагын араас МАН-ынхан хүч түрж 76 мянган хөгшний хүсэн хүлээж байсан Хамтын тэтгэврийн хуулийг төрхөмд нь буцаан голыг нь гонсойлгож байв.

Нөгөөтэйгүүр анх Хамтын тэтгэврийн тухай хуультай барьцаж МАН-ынхан Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг өргөн барьж байсан. Гэвч энэ хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүйгээс үүдээд Хамтын тэтгэврийн тухай хууль тэдний хорхойтой араанд зуугтсан гэж хэлж болно. Тиймээс ч тэд эрх барингуутаа хамгийн эхэнд Ардчилсан намын санаачлан батлуулсан Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосон юм. Түүнээс тэнд 76 мянган ахмадад 200 тэрбум төгрөг ЧАДАЛ БИЙ, сэтгэл л байгаагүй.

-ХАМТЫН ТЭТГЭВРИЙГ БОЛИУЛЖ НАСНЫ ХИШГИЙГ ОЛГОЖ БАЙВ-

  • МАН Хамтын тэтгэврийг болиулж өөрсдөө “Насны хишиг” хуулийг санаачилж батлуулсан. Үр дүнд нь
  • 65-69 настай ахмад настанд 50,000 төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд 80,000 төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд 150,000 төгрөг;
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250,000 төгрөгийг жилд нэг удаа буюу Цагаан сарын өмнө олгодог болсон.

Ийм л жонхууг одоогийн эрх баригч МАН зуурч байв. Нийт олонд, зорилтод бүлэгтээ хэрэгтэй л хууль бол танай, манай гэж улс төржилгүй хэрэгжүүлж байвал иргэн аль болох бага хохирно. Гэтэл МАН өөрсдөө төрхөмд нь буцаасан Хамтын тэтгэврийн хуулийг дахин УИХ-аар хэлэлцэхээр болсон нь анхаарал татаж байна. Магад, зйлшгүй хэрэгтэй хууль учраас өөрсдөө санаачилсан авторыг нь авахаар ийнхүү УИХ-аар хэлэлцэх гэж байна уу эсвэл өөрчилж хэрэгжүүлэх гэж байна уу.

-10 ЖИЛ ХАМТДАА АМЬДАРЧ 20 ЖИЛ НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛСӨН
ХОСД ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХЭЭР БАЙВ-

Хамтын тэтгэдрийн хуулийн төсөлд гэр бүлийн хоёр 20 жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мөн сүүлийн 10 жил хамтдаа амьдарсан нөхцөлд буурлуудын хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол тэтгэврийнх нь тодорхой хувийг үлдсэн ахмад настанд өвлүүлэх тухай зохицуулалт тусгасан байлаа.

Төсөл санаачлагчдын зүгээс өвлүүлэх тэтгэврийн хувь хэмжээг 50,70,100 хувь хүртэл байж болно гэж хэд, хэдэн хувилбараар заасан байв.