С.Жавхлан: Увс нутгийнхан тоглолтыг маань үзэж болно

С.Жавхлан: Увс нутгийнхан тоглолтыг маань үзэж болно

УИХ-ын гишүүн асан Самандын Жавхлан хоёр хоногийн өмнө “Монголоороо байгаасай” хэмээх бие даасан тоглолтоо энэ сарын 26-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээ зарласан. Энэ нь түүний өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уран бүтээлээсээ “завсарлага” авч, улс төрд хүч үзэх болсноос хойших анхны тоглолт бөгөөд тэр ч утгаараа олон хүний анхаарлыг татаж буй. Бид түүнийг Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын бэлтгэлээ хийж байхад нь зорьж очин, тоглолт хийгээд уран бүтээл, улс төрийн байр суурийн талаар ярилцлаа.

-БИ УЛС ТӨРӨӨС ХӨНДИЙРӨӨГҮЙ. ОГТ ХАРАА САЛГААГҮЙ-

-Самандын Жавхлан “Монголоороо байгаасай” хэмээх тоглолт хийнэ гэсэн мэдээ хэдхэн хоногийн өмнөөс л гарлаа. Эртнээс тоглолт хийхээр бэлдэж байв уу, эсвэл гэнэтийн шийдвэр байв уу. Яагаад тоглолт хийх болов?

-Хоёр хоногийн өмнө гэнэтхэн л ийм шийдвэр гаргасан. Энэ жил Монголчууд цагаан сүлдээ мандуулж, цэнгэлдэх хүрээлэндээ цуглаж чадсангүй. Энэ сайхан цэнгэлдэхэд олон жил Монгол түмэн маань дуулж хуурдсан шүү дээ. Тиймээс Монгол түмний баяр наадмаа тэмдэглэдэг цэнгэлдэх хүрээлэнгээ “өнжөөгөөд” яахав гэж бодсон юм. Намрын налгар сайхан өдөр ард олноороо дуулж, хууръя. Нэг өдөр стресс бухимдалгүй, эерэг байцгаая гэж л тоглолтоо хийхээр болсон. Нөгөөтээгүүр коронавирусийн халдварын хөл хорио тавигдаж, нийтийг хамарсан үйл ажиллагаа хийхийг зөвшөөрсөн шүү дээ. Цаг үе нь ингэж таарлаа. Өөр нэгэн санаа байхгүй. Бас намайг олон хүн дуул гэсэн. Тэдний хүслээр дахин дуулж байна.

-Тоглолтоо яагаад “Монголоороо байгаасай” гэж нэрлэх болсон бэ?

-Хүмүүс энэ жил наадмын гоёлоороо гангарч чадсангүй. Тиймээс Монгол түмнийгээ намрын налгар өдөр үндэсний хувцсаа өмсөн, айраг ууж, хуушуураа идэн, миний тоглолт дээр дуулж, хуурдан наадаасай гэж хүссэн. Нөгөөтэйгүүр Өвөр Монголчууддаа багахан ч гэсэн сэтгэлийн дэм өгье гэж хүссэн юм. Монгол гэдэг улс байдаг юм шүү. Тусгаар тогтносон Монголчууд хурайлж дуулж, “Монголоороо байгаасай” гэж нэгдэж чаддагийг, Монголчууд яаж цуглардаг, яаж өв соёлоо хамгаалдгийг, яаж  Монголоороо байдгийг харуулахыг хүссэн. Тиймээс “Монголоороо байгаасай” гэж нэрлэсэн юм.  

-Та цаашид уран бүтээлийн карьерээ “хөөх” үү, улс төрд дахин орох уу?

-Би улс төрөөс хөндийрөөгүй. Огт хараа салгаагүй байна. Жавхлангийн тэмцэл улс төрөөс үл хамааран “Монголоороо байгаасай” гэдэг тэмцэл. Би 15 жил тэмцээд явж байна. Муу, муухай, шударга бус бүх зүйлийн эсрэг Жавхлан зогсоно. Бас Монголын сайн сайхан бүхний төлөө  тэмцэнэ. Жавхлан Жавхлангаараа яваад л сайн муу хоёрын сайныг нь дагаж, зөв сайнаараа л хорвоог туулна. Жавхлан юу ч хийсэн Монголын иргэн. Урлаг,  улс төр хоёр чинь амин чанартаа нэг зүйл шүү дээ. Урлаггүйгээр улс төр байхгүй, улс төргүйгээр урлаг байхгүй.

-БҮХ МОНГОЛЧУУДАА ТОГЛОЛТДОО УРЬЖ БАЙНА-

-Та “Ардчилсан” намын үйл ажиллагаанд оролцож байна уу. Ер нь яагаад “Ардчилсан” намыг сонгох болов?

-Одоо намын үйл ажиллагаанд оролцож, сонирхсон зүйл алга. Ардчилсан намыг яагаад сонгосон гэвэл намын шинэ залуус их зөв бодол, зөв хандлагатай санагдсан. Тэдгээр залуустай гар нийлж, ажиллаж болох юм байна гэж тухайн үед миний харж, дүгнэсний үндсэн дээр гаргасан шийдвэр.

-Сонгуулийн дараа та газар ташуурдаж буй бичлэгээ өөрийн цахим хуудсанд нийтэлсэн. Таны энэ үйлдлийг хүмүүс эерэг, сөргөөр хүлээн авч, нэг хэсэгтээ ярианы сэдэв болгосон. Яагаад тийм бичлэг хийсэн юм бэ?

-Тэр бичлэгт Жавхлангийн ташуурт өвс, таван чулуу л үсэрсэн. Өөрт ямар ч муу зүйл болоогүй. Гэтэл тэрбум, тэрбумаар идэж, Монголын газрын баялгаас шанага, шанагаар авч зарж буй хүмүүсийн эсрэг тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм бэ. Бусад сонгогдоогүй хүмүүс ч мөн өөрсдийгөө илэрхийлэх ёстой байсан. Жавхлан л илэрхийлсэн болохоос үнэн зүйлийг  хэлсэн. Цаашид ийм зүйл битгий гараасай гэсэндээ өөрийгөө золиосолсон.

-Танаас асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Та “Увсын ард түмэн дахиж,  миний дууг битгий сонсоорой” гэсэн.  Энэ удаагийн тоглолтыг тань Увсынхан ирж сонсож болох уу?

-Бүх Монголчууд ирж сонсож болно. Увс нутгийнхан тоглолтыг маань үзэж болно. Бүх Монголчуудыгаа тоглолтондоо урьж байна. Намрын налгар нэг өдөр тоглолтон дээр минь ирж дуулж, хуурдан, Монголоороо байгаарай гэж хүсэж байна.

-Та Увс нутагтаа дахиж очихгүй гэж хэлсэн. Тэр үгэндээ уучлал гуйх уу?

-Тоглолт болох өдөр би нутгийнхандаа хэлэхийг хүссэн чин сэтгэлийн үгсээ хэлэх болно.Тэр өдөр юу хэлэхийг минь сонсоорой гэж хэлмээр байна.

-Та гэргийтэйгээ хамтран хэд хэдэн уран бүтээл гаргаад амжсан. Гэргий тань тоглолтод оролцох уу. Бас өөр уран бүтээлчид оролцох уу?

-Хэн ирж, дуулах нь тэр өдөр тодорхой болно. Тиймээс ирээд л хар, сонс гэж хэлмээр байна.

-Шинэ содон зүйл төлөвлөж байна уу. Шинэ уран бүтээл дуулагдах уу?

-Үүнийг нууц хэвээр нь үлдээе. Саяхан “Чи бидэн хоёр” гэдэг дуу гаргасан. Энэ дуунаас эхлээд л дуулна даа.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.