Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэхийг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэхийг анхаарууллаа

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр салхи түр зуур ширүүсэж шороон шуурга шуурч, ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэхийг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа. 

Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12...+17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +27...+32 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +28...+30 градус дулаан байна. 

Маргааш буюу энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, энэ сарын 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Увс нуурын хотгор болон Онон, Улз, Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 9-нд нутгийн зарим газраар, энэ сарын 10, 11-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хагаст сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. Энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.