Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын чуулганыг удирдана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын чуулганыг удирдана

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулган Бангкок хотноо энэ сарын 22-26-ны өдрүүдэд болно. Тус чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажиллахаар болсныг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Манай улс 1961 онд уг комисст гишүүнээр элссэн бөгөөд бусад гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаагийн чуулган “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвээр болно. Өнгөрсөн жил Комиссын 79 дүгээр чуулганы даргаар Тонга улсын Гадаад хэргийн сайд, дэд даргаар Монгол улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр томилогдож 61 гишүүн болон ажиглагч орон болон НҮБ-ын салбар байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө