Пауэрлифтингийн дэлхийн аваргаас Монголын баг тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ

Пауэрлифтингийн дэлхийн аваргаас Монголын баг тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ

Өмнөд Африкийн Сан Сити хотноо тавдугаар сарын 20-27 хооронд зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнд манай улсын 28 тамирчин, дасгалжуулагч болон багийн удирдлагууд амжилттай оролцож таван алтан медаль хүртсэн талаараа мэдээлэл хийлээ.

Пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, "Багийн ахлагчаар Л.Бархасбаатар оролцож ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд багийн дасгалжуулагчаар Х.Энхболд ажилласан. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж багаараа хоёрдугаар байрт шалгарсан үнэмлэхүй амжилт үзүүллээ.

Таван алтан медаль авсан тамирчид бүгд Дэлхийн шилдэг хэвтээ шахагч буюу “Best lifter” шагналыг хүртсэн. Алтан медаль хүртсэн тамирчид:

  • Класик төрөлд -93кг жинд оролцсон ОУ-ын хэмжээний мастер Г.Оргилболд алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга,
  • Залуучуудын төрөлд оролцсон Ч.Цэрэнбат алтан медаль хүртэж өнх удаа дэлхийн аварга,
  • Өсвөрийн ангилалд Өвөрхангай аймгаас Г.Сумьяасүрэн анх удаа оролцож, алтан медаль хүртсэнээр Монголын анхны эмэгтэй “best lifter” төрөн гарсан,
  • Мастер 2 ангилалд ахмад тамирчин Ц.Баярхүү аваргын алтан медаль,
  • Дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт шилдэг тамирчин Д.Түмэнжаргал -105кг-ийн жинд алтан медаль хүртсэн амжилт гаргасан.

Энэ жил Монголын пауэрлифтингийн холбооны 20 жил тохиож байгаа бөгөөд 20 жилийн хугацаанд олон тэмцээнд оролцсон ч дасгалжуулагчтай орсон нь цөөхөн. Энэ удаад дасгалжуулагчтай оролцосон үр шимийг хүртэж, багаараа хоёрдугаар байрт шалгарсан" гэлээ.

Удахгүй Хонг Конгод болох Ази болон далайн орнуудын дунд дөрвөн төрлийн пауэрлифтингийн тэмцээн болох бөгөөд Монголын 59 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Мөн ирэх аравдугаар сард Пауэрлифтингийн дэлхийн аваргын тэмцээн Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа аж.