Чуулганы танхимаас: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь

Чуулганы танхимаас: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь

Монгол Улс 31 жилийн дараа УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмж, 11 жилийн дараа сонгуулийн холимог тогтолцоог дахин хуульчилж, нэг танхимтай парламентыг баталгаажуулав. Үндсэн хуульд нэгмөр ингэж бичсэнийх энэ заалтыг найман жил хөндөхгүй. Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль, УИХ-ын тухай хууль зэрэг бусад хуулиудыг удахгүй Үндсэн хуульд нийцүүлж өөрчилнө. Ямар ч байсан 2024, 2028 оны парламент 126 гишүүнтэй байж 78 нь тойргоос, 48 нь намын жагсаалтаас сонгогдох нь ээ. Ямар үр дүн хүлээж байгааг дор бичнэ.

Чуулганы танхимд

Өдрийн 14:52 минут болж байлаа. Танхимд байсан 20 хүрэхгүй УИХ-ын гишүүн дээр гаднаас нэмэгдэж ирц 68 хүрэв. Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд оролцсон гишүүдээс гадна өрөөндөө зурагтаар нэгнийхээ үгийг чагнаж байсан гишүүд отгон парламентч Ц.Идэрбатыг үг хэлж байхад орж ирэв. Үг хэлэх минут авсан 20-иод гишүүний хамгийн сүүлийнх нь үгээ хэлнэ гэдэг бол санал хураалт явахын дохио юм. Спикерийг орлож байсан УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ч УИХ-ын дарга Г.Занданшатарт суудлыг нь тавьж өөрийн суудалдаа суухад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байраа эзлэв. Засгийн газрын хуралдаан, Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг дуусах хүртэл цаг авахын тулд 20-иод гишүүн үг хэлсэн. Танхим дүүрсэн хойно л зурагчин, зураглаачдыг оруулан “ирц бүрэн” байгааг иргэд бидэнд харуулав. 14:55-д санал хураахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 63 нь дэмжсэн гэх илэрц дэлгэцэнд харагдав. Бие даагч С.Ганбаатар, Барилгын хөгжлийн сайд Ц.Даваасүрэн нар ҮХОӨТ-ийг батлахаас “татгалзсан” санал өгчээ. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Дэлгэрсайхан гурав Үндсэн хуулийн өөрчлөлтөд саналаа өгч чадаагүй. Санал хураах төхөөрөмжид картаа шургуулаад гарсан тул ирц нь бүртгэгдсэн боловч өгсөн санал нь “татгалзсан”-аар бүртгэгдсэн. Гүйж орж ирээд “Бид гурав дэмжиж байсан. Дэмжсэн болгож протоколд тэмдэглэн бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг нь УИХ-ын дарга ёсоор болгов. Харин Д.Цогтбаатар гишүүн “дэмжсэн” санал өгсөн боловч төхөөрөмж нь гацаж “татгалзсан”-аар бүртгэжээ. Тэрээр мөн “дэмжсэн шүү” гэж хэлээд саналаа засуулав. Ийнхүү албан мэдээнд УИХ-ын 68 гишүүний 66 нь дэмжиж Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэж бүртгэлээ. Чуулганы танхимд сэтгүүлчдийг оруулахаа больсон хэдэн жил цаанаас дэлгэцэнд өгсөн тавилттай дүрсээр хуралдааныг “харж” ирлээ. Сэтгүүлчдийг өнөөдөр чуулганы танхимын бельэтаж руу оруулсан тул бодит байдлыг хүргэхэд ийм байна.

ҮАБЗ-ын гишүүд

Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хоёр хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд биечлэн танилцуулах ёстой. Ерөнхийлөгч уг эхийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор гарын үсэг зурж, төрийн тамга дарж хадгална. Хэрэв Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл ажлын 7 өдрийн дотор хориг тавина. Тэгэхээр Үндсэн хуулийг баталсан болохоос хараахан гараас гарчихаагүй гэсэн үг байх нь ээ. Хэрэв парламентыг хоёр танхимтай болгосон бол Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих бүрэн эрхийг хасах өөрчлөлт дагалдаж хийгдэх байлаа. Энэ агуулгаар бодож үзвэл Ерөнхийлөгч хэрхэх бол гэдэг бас сонин.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Үндсэн хуулийн дээрх өөрчлөлт Засгийн газрын боловсруулж, өргөн барьснаас хойш хэдэнтээ өөрчлөгдсөн болохыг хэлж байгаа. Тухайлбал, хамгийн эхний төсөл бол ҮАБЗ-ийн хуралдаанаар орж нэлээд танагдсан. Ингээд уг төслөөс нэг танхимтай парламентын 152 гишүүний 76-г мажоритар, 76-г пропорциональ тогтолцоогоор сонгоё гэдэг заалт л УИХ-д өргөн баригдсан. Тэр төсөл нэг дэх хэлэлцүүлгээр дэмжигдсэн боловч гишүүд тойрогтоо ажиллаж ирээд хоёр дахь хэлэлцүүлэг дээр 76+50 буюу 126 гэдэг дээр тогтсон. Энэ тоо өмнөх 152 шиг куб язгуурын аргаар гаргаж ирсэн тооцооллын үр дүн байгаагүй. Харин улс төрийн намуудын зөвшилцөл байсан. Харин гурав дахь хэлэлцүүлгийн өмнө үүнийг 78+48 болгож өөрчилсөн. Хүн ам ихтэй нийслэлийн СХД, БЗД-т тойргоос сонгох гишүүнийг нэг, нэгээр нэмэх тохироо юм байна гэж ойлгуулсан. Харин энэ болгоныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулган болон Байнгын хорооны хурал дээр “АН-ын ҮЗХ-ноос гарсан тоо учраас хүндэтгэн хүлээж авч зөвшилцсөн” гэж чиглүүлж байна лээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд Үндсэн хуулийн өөрчлөлтөд ач холбогдол их өгсөн. Энэ хүртэл Зөвлөлдөх санал асуулга гэдгийг шүүмжлүүлэн барин хийж үзэв. УИХ-ын тогтоол гаргаж Засгийн газрыг ҮХНӨ-ийн төслийг 2022 онд багтаан өргөн барь гэж үүрэгдэж ч үзэв. Тэрээр чуулганы хурал дээр, “Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 2019 оны ҮХНӨ-ийн дутууг гүйцээлээ. Нөгөө  талаасаа Цэцийн дүгнэлтээр “давхар дээл”-ийн асуудал буюу УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахыг хориглосон заалтыг хүчингүйд тооцсон. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан асуудал биш. Харин 2019 онд оруулсан өөрчлөлтийг Цэцээс хүчингүйд тооцсон явдал. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, тэнцэл, харилцаа алдагдах учраас гишүүдийн тооны асуудлыг харгалзан үзэхийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ дурдсан учраас ийм шинэтгэл хийсэн” гэж хэлсэн нь бараг үнэн болов уу.

Тулган шаардлага

У.Хүрэлсүхийн удирдаж ялсан намыг өв залгамжилсан Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болсноос хойш анх удаа намаа удирдаж 2024 оны сонгуульд орно. Наана нь сонгуулийн тоглоомын дүрмийг өөрчилж, гишүүдийн тоог нэмлээ. Хэнийг дэвшүүлэхээ, хэнийг түлхэхээ бас шийднэ. Ийм учраас үг нь хүчтэй, заримд нь “тулган шаардалт” шиг туссан биз өнөөдрийн чуулган, байнгын хорооны хурал дээр. Ц.Даваасүрэнгээс өөр хэн ч сөрөөгүй. Ядаж байхад гэдэг шиг дээхнэ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд “Үе сольсон сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийнэ” гээд хэлчихсэн. МАН-ын хууччуулд хүнд сонсогдох үг.

Л.Оюун-Эрдэнэ, “Нэг УИХ-ын гишүүн дээр байгаа эрх мэдлийн жин үлэмж хэмжээгээр өндөр байдаг учраас хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд оролцохоос эхлээд, олон Байнгын хорооны гишүүн байхаас эхлээд олон асуудал дээр кнопны жин чухал байсаар ирсэн. Кноп нь цөөн учраас бие биедээ хариуцлага тооцох боломжгүй, УИХ-ын гишүүд томилолтоор явахад чуулган гацах хэмжээнд ийм том эрх мэдлийн төвлөрөлтэй. VIP76 гэдэг нэршлээс авахуулаад парламентын гишүүдийг эрх мэдлийн оройд байдаг цэг гэж ойлгодог болсон байна. УИХ-ын гишүүн болгон гүйцэтгэх засаглалын ажил хийх агуулга руу явж Монгол Улс 76 Ерөнхий сайдтай болж хувирсан. Энэ бүх зүйлээс болж санал хураалт болгон дээр, төсөв өргөн баригдах бүр дээр, улс төрийн томоохон асуудал болгон дээр зээл, тендер байдлаар наймаа явдаг, барьцаанд ордог, бойкот хийдэг явдал хуралдан бий болсон нь нууц биш. Би УИХ-ын гишүүддээ баярлаж байна, эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах шийдвэр гаргаж байгаад нь. Нэр муутай улстөрчдийг намын жагсаалтад багтаасан нам ялагдана. Шинэ 30 жил, авлигагүй 30 жил, эрх мэдлийн төвлөрөлгүй 30 жилийн суурь реформ болж байна гэж үзэж болно” гэж байсан.

Г.Улсболд