УЯАЧИД: Адууг эрлийзжүүлэхийн тулд Монгол азаргыг зэрэмдэглэж байна

УЯАЧИД: Адууг эрлийзжүүлэхийн тулд Монгол азаргыг зэрэмдэглэж байна

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монгол адууны нийгэмлэг,Амьтны эрх хамгаалах нийгэмлэгээс адууг эрлийзжүүлэхийн тулд Монгол азаргыг зэрэмдэглэж байгаа асуудлаар талаар мэдээлэл хийлээ.

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан нарт, "Сүүлийн жилүүдэд зарим уяачид гадаад улсаас импортоор цэвэр цусны азарга оруулж ирэн Монгол адууны удмын санд ноцтой нөлөөлөөд зогсохгүй адуун сүргийн манлай, үржлийн эцэг Монгол азаргыг амьдаар нь, ёс бусаар эд эрхтнийг тасдан, зэрэмдэглэж байна.

Импортын цэвэр цусны азарга нь Монгол азарга шиг сүргээ хурааж, бэлчээрээр идээшилж чаддаггүй мөн гүүнийхээ ороог тодорхойлох байгалийн төрөлх чанар байхгүй учраас импортын азаргандаа гишгүүлж хээлтүүлэг хийсэн гүүнийхээ хээлийг хамгаалах зорилгоор Монгол азарганы үржлийн эрхтэнг нь /сэлдий/ тасдан туршуул нэртэй азаргыг бий болгон Монгол адууг амьдаар зэрэмдэглэж амьтны жам ёсны эрхийг ноцтой зөрчиж байна. Гадаадаас орж ирсэн цэвэр цусны азарга бүрийн тоогоор Монгол азарганы үржлийн эрхтэнг /сэлдий/ тасдан зэрэмдэглэсээр байна.

Иймд:

  1. Гадаадаас импортоор үржүүлгийн зориулалтаар цэвэр цусны азарга оруулж ирэхийг бүрмөсөн хориглох
  2. Төрийн сүлдэндээ тахьсан, Монгол адууныхаа эд эрхтэнг амьдад нь тасдах зэрэмдэглэх харгис үйлдлийг Монгол Улсын хэмжээнд хатуу хориглож холбогдох тушаал шийдвэрийг гаргаж өгнө үү. " гэсэн шаардлага хүргүүллээ.