ВИДЕО: Монгол орны "ой" онцгой анхаарал хандуулах хэмжээнд очсон

ВИДЕО: Монгол орны "ой" онцгой анхаарал хандуулах хэмжээнд очсон

Манай орны ой онцгой анхаарал хандуулах хэмжээнд очсоныг БОАЖЯ -аас анхааруулж, ойн тухай хуульд заасан хуурайшилт бүхий түймрийн аюултай үе өнөөдрөөс эхэлж байгааг мэдэгдлээ.

Өнгөрсөн оны 8 сарын ойн гал түймэр урьдчилсан байдлаар ойн 1765,5 /га/, хээрийн 120.904,13 /га/ нийт 122.669,63 /га/ талбай өртөж, байгаль, экологид 1.219.214.706 төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчны төлөв байдлын мэдээллээр, улсын ойн сангийн нийт хэмжээний 83,1 хувийг хамгаалалтын бүсийн, үлдсэн хувийг ашиглалтын бүсийн ой эзэлдэг аж.

Монгол орны ой байгалийн аясаараа тэлэн ургах хязгаарлагдмал орчинд, уур амьсгалын эрс тэс нөхцөлд ургадаг. Нөгөө талаар ойн түймэр, хортон шавж, хууль бус мод бэлтгэл, уул уурхай гээд хүний үйл ажиллагаанаас улбаатай нөлөөлөлд хялбар өртөх эмзэг экосистем юм. Манай орны ой нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, ургамал амьтан, бичил биетний амьдрах таатай орчин бүрдүүлэх, хүлэмжийн хийг шингээх, мөнх цэвдгийг тогтоох, цөлжилтийг сааруулах гээд экологийн хувьд асар өндөр ач холбогдолтой.

Иймд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:

  • Асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, 
  • Орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
  • Ой, хээрийн гал түймэр, түймрийн утаанаас ан, амьтад дүрвэж байгаа тул ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх,
  • Ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үед араатан амьтан дайрвал хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах,
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдох,
  • Баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулах,
  • Ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг байх тул өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх.
  • Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

О.СОЁЛМАА

ВИДЕО: