ТОДРУУЛГА: Монгол охиныг хүчирхийлсэн сурагчдад оноосон хөнгөн шийтгэлийг ХҮНД болгуулахаар өмгөөлөгч ажиллаж байна

ТОДРУУЛГА: Монгол охиныг хүчирхийлсэн сурагчдад оноосон хөнгөн шийтгэлийг ХҮНД болгуулахаар өмгөөлөгч ажиллаж байна

Энэ сарын эхээр БНСУ-ын дунд ангийн дөрвөн сурагч үе тэнгийнхээ 13 настай монгол охиныг зодож, гар хөлийг нь скочоор хүлэн хүчээр согтууруулах ундаа өгсөн тухай бичлэг цацагдаж олон нийтийг цочирдуулсан.

Уг хэрэг өнгөрөгч долдугаар сарын 3-нд болсон бөгөөд маргааш нь буюу долдугаар сарын 4-ны өдөр цагдаагийн газарт бүртгэгдсэнээр албан ёсоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Сэжигтэн болох дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй учраас аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлж, улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон билээ.

Тэгвэл бид хэргийн үйл явц ямар шатанд байгаа талаар  БНСУ дахь Гадаад иргэдийг эрхийг хамгаалах ТББ-аас тодруулахад “Охиныг дээрэлхсэн сурагчдад оноосон прокурорын хөнгөн шийтгэлийг хүнд болгуулахаар өмгөөлөгч ажиллаж байгаа” гэлээ.

Ташрамд дуулгахад, манай улсын иргэд БНСУ-ын “Хөх ордон”-ы албан ёсны сайтад  “монгол охиныг дээрэлхсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэж өргөдөл гаргасан. Уг өргөдөлд өнөөдрийн байдлаар 221 мянган хүн санал өгөөд байна.  Хөх Ордны албан ёсны сайт нь Ерөнхийлөгчийн ордны нээлттэй самбар гэж хэлж болно. Хэрэв 200 мянгаас дээш зөвшөөрсөн санал авбал уг асуудал Ерөнхийлөгчийн ажлын албанд хүрч, яаралтай арга хэмжээ авдаг.