БАРИМТ: Эрдэнэт үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” автомашиныг акталж, 16 сая төгрөгөөр өөртөө авчээ

БАРИМТ: Эрдэнэт үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” автомашиныг акталж, 16 сая төгрөгөөр өөртөө авчээ

“Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай үгсэн тохиролцон, “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн 140 сая төгрөгөөр /зах зээлийн үнэ/ үнэлэгдэх 2012 онд орж ирсэн “Лексус-570” автомашиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан гэх асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх мэдээллийг өмнө нь бид мэдээлсэн.

-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ДАРГА НАР ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛД ГЭСЭН ТӨБЗГ-ЫН ТОГТООЛЫГ ЗӨРЧИЖ НЭГ Ч ТӨГРӨГ ТӨЛӨЛГҮЙ АВТОМАШИНТАЙ БОЛСОН-

Тэгвэл уг хэрэгтэй холбоотой зарим дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдад хүргэе. 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Үндсэн хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг гаргасан байна. Уг тогтолоор Эрдэнэт үйлдвэрийн нэг тэрбум далан найман сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун дөчин таван төгрөг наян хоёр хоёр мөнгөний хуримтлагдсан элэгдэл бүхий 19 ширхэг тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг зааж өгсөн байна.

Ингэхдээ тус үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнд мөн үүрэг өгчээ. Үүрэгт, тус хөрөнгүүдийг зөвхөн дуудлага худалдаагаар худалдах, тус худалдаанаас олох орлогыг үйлдвэрийн дансанд төвлөрүүлэх ёстой гэсэн байна.

ТӨБЗГ-ын тогтоол

Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх тэргүүтэй захирлууд нь дуудлага худалдаа зохион байгуулаагүй бөгөөд нэг ч төгрөгийг байгууллагын дансанд төвлөрүүлээгүй өөрсдөө МАШИНТАЙ болсон байж болзошгүй байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус захирлууд нь жилийн эцсийн урамшууллын цалингаасаа төлөхөөр үгсэн тохирч, нэг ч төгрөгийг төлөлгүй машин авсан гэх. Тэр бүү хэл Т.Батмөнх нь 292 сая 953 мянга, 750 төгрөгийн блансын үнэтэй 2012 онд үйлдвэрлэгдсэн нийт 553 мянгын гүйлттэй ядаж 52 сая төгрөгөөр зарагдаж болох дээрх “Лексус 570” машиныг дуудлага худалдааны хамгийн доод үнэ буюу 15 сая дээр нэг сая төгрөг нэмж 16 саяар авсан нь доорх баримтаар нотлогдож байна. Мөн Тоёото Хайс загварын автомашиныг хэт доогуур үнээр акталж, худалдсан авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа гэж буй. Эрдэнэт үйлдвэрээс актлагдаж зарагдсан машины жагсаалтыг хүргэж байна.

жагсаалт

-УГ АСУУДАЛ ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД ӨРТСӨНИЙ ДАРАА АВТОМАШИНЫГ БУЦААЖ ӨГЧЭЭ-

Энэ тухай мэдээлэл хэвлэл, олон нийтийн анхааралд өртөн бичигдэж эхлэхэд машинтай болсон Эрдэнэт үйлдвэрийн захирлууд сандралдаж машинаа буцааж өгсөн гэж буй. Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж “би гэм буруургүй нь тогтоогдсон” гэж Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх бидэнд хэлүүлсэн ч үргэлжлүүлэн шалгаж байх магадлалтай талаар эх сурвалж мэдээлсэн юм. Цаашлаад 2017 оны Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн бус төрийн өмчит газарт хохирлын хэмжээ шаардахаа больсон гэх агуулгаар тэрбээр асуудлаас холдож магадгүй аж. Ямартай ч Эрдэнэт үйлдвэрийн дарга нар улсын өмч, хөрөнгийг үнэгүйдүүлж хувьдаа завшдаг, тансаглаж ирсэнтэйойр жишээ энэ боллоо.