Сагс тоглож байсан Г.Балсандорж: Цагдаа дээр очтол "наад хүн чинь эрэн сурвалжлагдаж байгаа хүн биш үү" гээд өөр зүйл ярьж эхэлсэн

Сагс тоглож байсан Г.Балсандорж: Цагдаа дээр очтол "наад хүн чинь эрэн сурвалжлагдаж байгаа хүн биш үү" гээд өөр зүйл ярьж эхэлсэн

Өнгөрсөн ням гараг/2021.07.18/-т гэрийнхээ гадаах шийдэн дээр сагс тоглож байсан хэсэг залуусыг цагдаагийн алба хаагчид гавлан, баривчилж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдэж, иргэдийн дунд багагүй маргаан өрнөсөн билээ.

ЯРИЛЦЛАГЫН ХЭСГИЙГ СОНСОХ: 

Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү Цагдаагийн байгууллагаас шалтгаангүйгээр нэг ч иргэнийг торгосон, баривчилсан, хүний эрхэд халдсан тохиолдол байхгүй. Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог, 50 дугаар сургуулийн урд байрлах тоглоомын талбайд шөнийн цагаар иргэдийн амар тайван байдал алдагдуулж, чимээ шуугиан их гаргаж байна гэсэн иргэний гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу очиход хэсэг залуус сагс тоглож байсан. Биднийг очихоос өмнө иргэн шаардлага тавихад "чамд бид нарын тоглох эсэх хамаагүй" гэх мэтчилэн үгээр доромжилсон учир тухайн иргэн лайв хийсэн гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагаас очиж “Зөрчлийн хуулийн дагуу 22.00 цагаас хойш та нар чимээ шуугиан гаргаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж болохгүй. Одоо тар” гэж шаардлага тавихад хүлээж аваагүй. Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээх иргэн нь 16 нас хүрсэн буюу эрх зүйн чадамжтай этгээд байхыг заадаг. Тиймээс тухайн эсэргүүцэл үзүүлсэн залуусыг баривчилсан” гэж тайлбарласан юм. Тэгвэл бид уг бичлэг дээр гарч буй залуусын нэг болох Г.Балсандоржтой уулзаж болсон явдлын талаар ярилцлаа.

Г.Балсандорж

-“ТА НАРТ ХУУЛИЙН ДАГУУ ИЙМ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙНА” ГЭЖ ЮУ Ч ЯРИАГҮЙ, ШУУД ДАЙРААД ЭХЭЛСЭН-

-“Сагс тоглож байсан залуусыг цагдаагийн албан хаагчид баривчилсан” гэх бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тухайн өдөр болсон үйл явдлын талаар ярьж өгөөч?

-Оройн 23.20 минут болж байсан байх. Машинаас нэг цагдаа бууж ирээд “Одоо тарцгаагаарай” гэсэн. Бид ч “За” гээд тарах гэж байтал “бөмбөгөө аваад ир, бөмбөгөө яг одоо надад өг” гэж дээрэнгүй хандлагатай харьцсан. Бид ч “Та яагаад бид нарын бөмбөгийг авч байгаа юм бэ” гэтэл шууд ирээд булаачихсан. Ямар нэгэн байдлаар “та нарт хуулийн дагуу ийм шаардлага тавьж байна” гэж юу ч яриагүй, шууд дайраад эхэлсэн.

-Гэтэл Цагдаагийн Ерөнхий газраас өчигдөр “Сагс тоглож байсан залууст шаардлага тавихад хүлээж аваагүй учраас баривчилсан” гэсэн тайлбар хийсэн байсан?

-Тийм зүйл болоогүй. Өмнө нь биднийг энд тоглож байхад цагдаа нар байнга ирдэг байсан. Бид ч цагдаа нарын тавьсан шаардлагын дагуу шууд л тарцгаадаг. Гэтэл тэр цагдаа биднийг тарах гэж байтал бөмбөг булаагаад авчихсан. Эхлээд дэслэгч бууж ирсэн юм. Дараа нь ахлах ахлагч нь машинаасаа бууж ирээд учир зүггүй заамдаад авсан. Тэгээд л гавлаад авч явсан даа.

Шаардлага биелүүлээгүй тохиолдолд хүнд хүч хэрэглэж, баривчлах ёстой шүү дээ. Гэтэл шаардлагыг нь биелүүлэх гэж байтал бидэнд хүч хэрэглэсэн. Нотлох хүмүүс ч байгаа. Эргэн тойрны байрнуудын цонхоор олон хүн харж байсан. Ямар ч шаардлага тавиагүй байж, шаардлага биелүүлээгүй гэсэн хандлагаар бидэнтэй харьцсан. Ихэнх хүн айгаад юу ч хэлж чаддаггүй болохоор цагдаа нар төрийн хувцас өмсөж, эрх мэдлээрээ бусдыг айлган сүрдүүлээд сурчихсан байна.

-Та нар хэдүүлээ сагс тоглож байсан юм бэ?

-Бид нар долуулаа байсан.

-Цагдаагийн газар очсоны дараа ямар шаардлага тавьсан бэ. Таныг “эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна” гэж хэлсэн гэсэн?

-Цагдаагийн хэлтэс дээр очтол хошууч дэслэгч бололтой нэг хүн орж ирснээ шууд л “наад хүн чинь эрэн сурвалжлагдаж байгаа хүн биш үү” гээд огт өөр зүйл яриад эхэлсэн. Тэгснээ “муу бацаан яагаад далдаганаад байгаа юм бэ” гэсэн.  

-БИЧЛЭГ ДЭЭР ГАРСАН ЦАГДАА “ХЭРЭГ ТОМОРЛОО. ХОЁУЛАА ХӨТЛӨЛЦӨӨД ШҮҮХЭЭР ЯВНА ДАА” ГЭСЭН-

-“Цагдаа нарыг очихоос өмнө иргэн та нарт шаардлага тавихад "чамд бид нарын тоглох эсэх хамаагүй" гэх мэтчилэн үгээр доромжилсон гэсэн”. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

- Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү гэж хүн тийм зүйл ярьж ямар ч нотлох баримтгүйгээр биднийг гүтгэсэн байсан. Бидэнд ямар ч иргэн шаардлага тавиагүй, тоглож байсан хүүхдүүд өөр ямар ч хүнтэй харилцан контакт үүсгээгүй. Гэтэл шууд эрх мэдлээ ашиглаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг “буруутай этгээд, хүний өөдөөс “өрвөлзсөн юм чинь, цагдаагийн өөдөөс ч өрвөлзөх юм байна” гэсэн мессежийг өгчхөж байгаа юм. Тийм зүйл огт болоогүй.  Цагдаагийн албан хаагчид хүнд шаардлага тавихдаа “ийм иргэний ийм гомдлын дагуу ирлээ” гэдгээ мэдэгдэж, өөрийнхөө нэр,  цол, аль дүүрэгт ажилладаг гэх мэтээр өөрийгөө ерөнхий байдлаар танилцуулах байтал учир зүггүй үр хүүхэд, дүүгээ хүмүүжүүлж байгаа юм шиг дураараа хандсан. Тэгж болохгүй шүү дээ.  

Залуус уг сагсны талбайд тоглож байжээ

-Цагдаагийн газар очсоны дараа хэр удаан байцаалт авсан бэ?

-10-15 минут л болсон байх. Тэгснээ “муу бацаанууд, яах гээд байгаа юм” гээд л байсан. Ер нь маш их дээрэнгүй, өөрийн үзэл бодлоо тулгаад байсан.

-Өмнө нь энд тоглоход ийм асуудал үүсэж байв уу?

-Цагдаа нар ирж шаардлага тавихад бид ч шууд тараад явчихдаг. Заримдаа торгохдоо “торгуулийг дансаар авч болохгүй, бэлнээр аваад ир” гэдэг. Торгуулийн хуудас бичиж өгөөгүй байж, дансаар мөнгө авсан ч тохиолдол байгаа. Мэдээж энэ асуудал хоёр талтай. Тоглоомын талбайг айлуудын цонхон доор нь аваачаад барьчихсан. Тэрэндээ зохицуулаад өөрсдөө хууль баталчихдаг. Гэхдээ бид орилж, чарлаад бархираад байгаа биш шүү дээ. Бөмбөг залаад л тоглож байгаа. Үүр цайтал тоглохгүй, хамгийн ихдээ 12.00 цаг хүртэл л тоглодог. Тэгээд л намар болж, сэрүү орчхоор сагс тоглохгүй. Зуны хэдэн сар л тоглодог. Унтаж амрах цагаар барилгын ажил явагдаж байхад  дуудлага өгсөн ч хүч хүрдэггүй юм уу тоохгүй орхичихдог. Гэтэл бид нар шиг жирийн иргэдийг дээрэлхээд сурчихсан байна.

-Өнөөдөр таныг цагдаагийн хэлтэс дээр ир гэж дуудсан гэсэн. Яагаад дуудах болсноо хэлсэн үү?

-Хэлээгүй. Нэг цагдаа нь над руу залгаад бичлэгээ устгуулмаар байна гэсэн. Би бичлэг тавигдсан гэдгийг ч мэдээгүй, өглөө сэртэл найзууд маань “зүгээр үү” гэж асуучихсан байсан. Гайхаад асуутал бичлэгийг маань өөдөөс явуулсан. Хамт тоглож байсан байрны хүүхэд бичлэг хийгээд интернэтэд цацсан байна лээ. Хэдийгээр бичлэгийг устгуулсан ч зарим сайтууд нийтэлчихсэн байсан.  Харин дараа нь тэр цагдаа над руу залгаад “Хэрэг томорлоо. Би цагдаагийн ерөнхий газар руу явж байна. Хоёулаа хөтлөлцөөд шүүхээр явна даа” гэсэн утгатай зүйл ярьсан.