Сагс тоглож буй залууст шаардлага тавьсан ч хүлээж аваагүй тул хуулийн хариуцлага тооцно

Сагс тоглож буй залууст шаардлага тавьсан ч хүлээж аваагүй тул хуулийн хариуцлага тооцно

Өчигдөр /2021.07.18/ шөнө гэрийнхээ гадаа сагс тоглож байсан залуучууд дээр цагдаагийн алба хаагч нар хүрч ирэн шаардлага тавьж, улмаар гавлаж авч явсан хэрэг гарсан.

Энэ хэргийн талаар иргэд цахим орчинд талцаж, өөр өөрсдийн үзэл бодлоо хуваалцаж байсан бол хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ, “Цагдаагийн байгууллагаас шалтгаангүйгээр нэг ч иргэнийг торгосон, баривчилсан, хүний эрхэд халдсан тохиолдол байхгүй. Өчигдрийн болсон үйл явдлын талаар иргэд зөв мэдээлэл авах хэрэгтэй. Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог, 50 дугаар сургуулийн урд байрлах тоглоомын талбайд шөнийн цагаар иргэдийн амар тайван байдал алдагдуулж, чимээ шуугиан их гаргаж байна гэсэн иргэний гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу очиход хэсэг залуус сагс тоглож байсан. Биднийг очихоос өмнө иргэн шаардлага тавихад "чамд бид нарын тоглох эсэх хамаагүй" гэх мэтчилэн үгээр доромжилсон учир тухайн иргэн лайв хийсэн гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагаас очиж Зөрчлийн хуулийн дагуу 22:00 цагаас хойш та нар чимээ шуугиан гаргаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж болохгүй. Одоо тар гэж шаардлага тавихад хүлээж аваагүй.

Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээх иргэн нь 16 нас хүрсэн буюу эрх зүйн чадамжтай этгээд байхыг заадаг. Тиймээс тухайн эсэргүүцэл үзүүлсэн залуусыг баривчилсан. Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд, нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр тус тус торгоно хэмээн заасан байдаг.

Хэдийгээр иргэд өөрийн хувь эзэмшлийн орон сууцдаа чөлөөтэй байх эрхтэй ч бусад оршин суугчдынхаа ч эрх ашгийг хүндэтгэх үүргийг давхар хүлээдэг учраас л энэ хуулийн заалт хэрэгжиж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ асуудалтай холбоотой Зөрчлийн хуулиар хэрхэн хариуцлага тооцох эсэх асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэсэн байна.

ВИДЕО: