Их Британийн зургаан тамирчин ойрын хавьтлаар тусгаарлагдаж, бэлтгэл хийх боломжгүй болжээ

Их Британийн зургаан тамирчин ойрын хавьтлаар тусгаарлагдаж, бэлтгэл хийх боломжгүй болжээ

Токио 2020 олимпийн наадамд оролцохоор ирсэн Их Британийн хөнгөн атлетикийн багийн зургаан тамирчин, хоёр туслах ажилтан халдвартай иргэний ойрын хавьтал болжээ. Тэднийг одоогоор Йокохамагийн бэлтгэлийн бааз дахь зочид буудалд тусгаарлаад байгаа аж.

Болсон явдалтай холбогдуулан Их Британийн Олимпийн Холбооноос мэдэгдэл хийж “Манай багийн найман хүн ойрын хавьтал болсон нь тогтоогдсон тул Японы Засгийн газрын албан тушаалтнуудын заавар зөвлөмжийг дагаж ажиллана” гэдгээ илэрхийлсэн байна.

Өнгөрсөн бямба гарагт/2021.07.17/ Токиод байрлах тамирчдын бэлтгэлийн баазад коронавирусийн анхны тохиолдол батлагдсан. Өнөөдөр мөн Өмнөд Африкийн Хөлбөмбөгийн тамирчид болох Табисо Моняне, Камохело Махлатси нар халдвар авч, тусгаарлагдсан талаар ВВС мэдээллээ.

Токио хотын эрэгт байрлах 44 гектар талбай бүхий тамирчдын хотхонд дэлхийн орон орноос ирсэн 11 мянган орчим тамирчин байрлаж буй. Тамирчдаас өдөр бүр шинжилгээ авч, шилжилт хөдөлгөөнийг нь хатуу хянаж байгаа. “Japan Times” сонины мэдээлж буйгаар өнгөрсөн хугацаанд олимптой холбоотой гадаадын зочид, Японы талын хүмүүсээс нийтдээ 40 гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: BBC