Кувейтэд Элчин сайдаар томилохоор оруулж ирсэн Н.Наранбатын нэрийг Ерөнхийлөгч татжээ

Кувейтэд Элчин сайдаар томилохоор оруулж ирсэн Н.Наранбатын нэрийг Ерөнхийлөгч татжээ

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газар 25 оронд суух Элчин сайдын нэрийг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн бол Ерөнхийлөгчийн тамгын газраас 24 хүний нэрийг УИХ-д өргөн барьсан байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кувейт улсад Элчин сайдаар томилохоор оруулж ирсэн Н.Наранбатын нэрийг татжээ. 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: Нийт орж ирж байгаа Элчин сайдуудын 80 хувь нь мэргэжлийн дипломатч байна. Мөн төрийн тусгай албан ажиллаж байсан таван хүнийг оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: АН-ын бүлгээр оруулсангүй. АНУ-д ямар хүнийг томилоод байна вэ. Ингэж болохгүй шүү. Намтар түүхийг нь харна шүү. Энэ дотор хар тамхинд орооцолдож байсан хүмүүс байна гэж байна. Энэ ямар хүмүүс байна вэ. Элчин сайд нарыг томилохдоо хаалттай хэлэлцэж баймаар байна.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: АН-ын бүлгээр оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. 1-3.1 жил хүртэл Элчин сайдгүй байсан газрууд байна. Зарим нь хугацаа нь хэтэрсэн. Тиймээс хаврын чуулганд багтаж Элчин сайдуудыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлж байгаа юм. АНУ-д суух Элчин сайдаар Ө.Батбаярыг дэвшүүлж байгаа. Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Өөрөө энэ чиглэлийн мэргэжлийн хүн. Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлого хэрэгжүүлж байгаа. Элчин сайдын томилгоог цаашдаа хаалттай хэлэлцэх ёстой. Хар тамхитай холбоотой гэж яригдаж байсан зарим нэг хүнийг өргөн мэдүүлээгүй. Ө.Батбаярыг АНУ-д суух Элчин сайдад дэвшүүлж байгаа. Англи, Орос, Япон хэлтэй, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ хүнийг Монгол Улсыг төлөөлж тодорхой үр дүнтэй ажиллана гэж үзэж нэрийг нь дэвшүүлсэн.

АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Ө.Батбаяр: 2019 оноос ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллаж, одоо Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Монгол АНУ маш олон талт харилцаатай. Энэ дундаа улс төрийн харилцаа номер нэг байгаа. Би гурван төрлийн зүйл дээр анхааран ажиллана гэж бодож байна. Нэгд, АНУ-д албан тоогоор 30 гаруй, албан бус тоогоор 40 гаруй мянган Монгол Улсын иргэн ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдийн хоёр, гурав дахь үе бий болсон. Тиймээс Монгол төлөвшил эзэмших, монгол хэл сурах, монгол боловсрол эзэмших нөхцөл байдлыг хангаж ажиллах ёстой. Монгол Улсын Элчин сайдын яам эдгээр иргэдэд эх оронд нь байгаа мэт бодлого явуулах ёстой. Хоёрт, гадаад харилцааг эдийн засагжуулах ёстой. Би ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл бий болгосон, хөгжүүлсэн олон улсын харилцаа, олон тулгуурт бодлогыг дэмжин, үргэлжлүүлэн ажиллана. Гуравт, Монголын дотоодын бизнес эрхлэгчдийн экспортыг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Монгол Улс дэлхийн зах зээл дээр гарах ёстой. Би үүнд онцгойлон анхаарч ажиллах болно.