Эрүүл мэндийн сайд С.Энхболдын “ХУДАЛЧ”-ийг батлах ДӨРВӨН мэдэгдэл

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын “ХУДАЛЧ”-ийг батлах ДӨРВӨН мэдэгдэл

Коронавирусын цар тахлын эсрэг менежмент, төлөвлөгөө, тактик боловсруулж ажиллах ёстой эрүүл мэндийн салбарыг удирдаж буй С.Энхболд сайдын өнгөрсөн зургаан сарын туршид хэлсэн үг , хэлсэн мэдэгдэл бүрт Fact Check хийлээ. Хариуцлагатай цаг үед хариуцлагатай албан тушаал хашиж  буй тэрбээр хэр үнэн, шударга, зөв байв гэдэгт анхаарья.

1. ХУДАЛ

2021.06.22. Төрийн ордон. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан.Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээр эмчлүүлж буй иргэдэд 70 мянган төгрөгийн багц олгохоор заасныг мөн өөрчилж 160 мянган төгрөг болсон. Тухайн өрхийн эмнэлэг тухайн өвчтөнд авч өгнө гэсэн үг. Эмийн нөөц хангалтыг бүх бололцоогоор түгээж байна. Батлагдсан хүн болгонд 60 ширхэг эм хүргүүлж байна.

  • 2021.06.24. Сүхбаатар дүүргийн XI хорооны өрхийн эмч: Өрхийн эмнэлгээс витамин С, Д, парацетамол өгөөд удаж байна. Улсаас 70 мянган төгрөгийн багц өгч байгаа гэж яриад байгаа. Тийм юм байхгүй. Арбидол л цөөн тоогоор хэдэн удаа өгсөн.

2. ТАШАА БОЛОН ХУДАЛ

2021.04.27. Төрийн ордон. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчдад тэтгэмж олгосон. 2020 онд 210 эрүүл мэндийн ажилчдад 1.8 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон. Мөн 2021 онд голомтод, дайчлагдан ажиллаж байгаа 2330 ажилчдыг 1 сая төгрөг болон 500 мянган төгрөгөөр урамшуулж байна.

  • 2021.06.25. ХСҮТ-ийн эмч Б.Түвшин: Ажил үүргээ гүйцэтгэж яваад коронавирусын халдвар авсан. Халдвар аваад гэр бүлийнхнийгээ эрсдэлд оруулаад 10 хоног тусгаарлалтад байж байгаад ажилдаа орсон. Гэтэл өнөөдөр надад хагас сарын цалин 154 мянган төгрөг өгсөн. Би гэлтгүй халдвар авсан эмнэлгийн ажилчид бүгд л ийм байгаа. 60 арбидол, эмтэй, витаминтай багц, баахан мөнгө өөр, өөр юу билээ. Олон юм өгч байгаа гэсэн худлаа шүү. Өгөхгүй байгаа. Өгсөн ч авахгүй. Салбараараа гүрийж байж энэ хүнд үеийг давмаар байна. 154 мянган төгрөгийн цалингаа та нар өөрсдөө аваарай.

3. ХУДАЛ

2021.06.24 Төрийн ордон. УИХ-ын чуулганы хуралдаан, ЭМЯ-ны сайд С.Энхболд: Засгийн газраас PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй байгаа. Өдөрт дунджаар 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийж байна. Шинжилгээ, хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд өдөр бүр 500 сая төгрөгийн зардал гарч байгаа.

  • 2021.06.28 иргэн М.Саранцэцэг: Би нэгдүгээр хавьтал болсон даруйдаа өрхдөө мэдэгдэхэд “Сорьц дууссан” гэж мэдэгдээд аваагүй. 10 хоног хүлээсэн авах газар байгаагүй. Аргагүйн эрхэнд төлбөртэй шинжилгээг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн лабораторид өгсөн.

4. ХУДАЛ

2021-06-24. Төрийн ордон. УИХ-ын чуулганы хуралдаан,Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн нэг хүнийг эмчлэхэд 2.5 сая төгрөг,  хүнд өвчилсөн хүнд 3.5 сая төгрөг, маш хүнд өвчтөнд 7.7 сая төгрөг зарцуулж байна. Үүнд эмнэлгийн байгууллагын ажилтны цалин, урамшуулал орсон.

  • Бодит байдал: Коронавирусын халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаж өрхийн эмчийн өгсөн эмийг зааврын дагуу ууж байгаа. Гэтэл салбарын сайд хөнгөн өвчилсөн хүний эмчилгээний зардал 2.5 сая төгрөг гэсэн нь бас л худал юм.  Учир нь тэрээр энэ мэдэгдлийн өмнө өөр үнийн дүн хэлсэн билээ.