Байгаль орчны тайлан цахимаар авснаар жилд 8000 боодол цаас хэмнэж, 19 мод тайрагдахаас сэргийллээ

Байгаль орчны тайлан цахимаар авснаар жилд 8000 боодол цаас хэмнэж, 19 мод тайрагдахаас сэргийллээ

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахимаар хүлээн авснаар жилд 8000 боодол бичгийн цаас хэмнэж, 19 ширхэг мод тайрахаас хамгаалах боломжтой болжээ.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, өртөг, зардал, цаг хугацааг хэмнэх ажлын хүрээнд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахимаар хүлээн авах системийг ашиглах сургалтыг зохион байгууллаа. Цахим сургалтад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий 110 мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.

Тайланг цахимаар хүлээн авснаар жил бүр 8000 боодол бичгийн цаас хэмнэх буюу 19 ширхэг мод тайрахаас хамгаалах боломжтой юм.

Мөн ингэснээр тайлангийн явц ил тод нээлттэй, төсөл хэрэгжүүлэгч болон мэргэжлийн байгууллагад харагдах юм. Төрийн үйлчилгээг цахимжуулах, нэгдсэн сүлжээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг https://e-mongolia.mn цахим системд шилжүүлсэн байна.

Тайланг цахим системд шилжүүлснээс хойш нийт 650 хүсэлтийг цахимаар хүлээн авч, 510 хүсэлтийг шийдвэрлэж, 140 төслийн дүгнэлтийг боловсруулжээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангуулахын тулд шийдвэрийг www.eic.mn цахим хуудсанд оруулах болсон. Үүнээс 120 төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд олон нийтийн оролцоог хангуулсан мэдээлэл нээлттэйгээр байршсан аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд жилд 1000 орчим ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлт, 1200 орчим тайлан ирдэг. Энэ бүгдийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэснээр жилд 800-900 боодол бичгийн цаас хэмнэх боломжтой. 

                                                                                     Эх сурвалж: БОАЖЯ