ТОЙМ: МАН-ын дотоод зөрчил хурцдаж УИХ, Засгийн газрын гишүүдээрээ хуваагдаж эхэлжээ

ТОЙМ: МАН-ын дотоод зөрчил хурцдаж УИХ, Засгийн газрын гишүүдээрээ хуваагдаж эхэлжээ

Эрх баригч МАН-ын дотоод зөрчил хурцдасныг сүүлийн үед улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлууд баталлаа. Тодруулбал, УИХ, Засгийн газрын харилцаа муудаж зарим асуудлаар байр, сууриа ч нэгтгэж чадахгүй өөр, өөр юм ярьж эхлээд удаж байна.

-АН-ЫН ГИШҮҮДЭЭР ЗАВСАРЛАГА АВАХУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛАА ЭСЭРГҮҮЦЭВ -

Мөн чуулганы хуралдааны үеэр УИХ, Засгийн газрын гишүүдээрээ хуваагдан хэрэлдэж, хэмлэлцэцгээгээд хоёр талдаа гэдийж байгааг харж байна уу. Ерөөс шалтгаан тодорхой бөгөөд УИХ-ын гишүүдийн эрх ашиг, амбицыг л Засгийн газар дийлэхгүй болж эхэлж байна гэсэн үг.

Зарим үйл явдлыг эргэн сануулъя.

  • НЭГДҮГЭЭРТ, Энэ сарын 14-ны өдөр /2021.06.14/ МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулах үеэрээ “Наадмаас өмнө 2021 оны улсын төсвийн тухай хуульд тодотгол хийнэ” гэж мэдэгдсэн. Гэтэл тэрбээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлээгүй, Сангийн яаман дээр зангидаагүй асуудлыг дур мэдэн түрүүлж мэдэгдсэн байжээ. Тухайн өдрийн хуралдаанаар “төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй байна” гэх асуудал яригдсан нь үнэн ч эхлээд Сангийн яам ажиллаж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж УИХ-д өргөн барих ёстой.

Цаг хугацааны хувьд ч “Наадмаас өмнө” гэж тогтоогүй байтал Д.Тогтохсүрэн хугацаа зарлаж дураараа аашилсан байжээ. Засгийн газрын хувьд Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэмж байгуулсны дараа буюу ирэх намар нэг мөсөн төсөвтөө тодотгол хийх төлөвтэй байтал бүлэг нь ингэж мэдэгдсэн нь анхаарал татаж буй.  Наадмаас өмнө тодотгол хийх нь хэт богино хугацаа бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан “Төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй. Шийдээгүй байна” гэж дээрх үйл явдлаас тээр хойно мэдэгдсэн байдаг.

  • ХОЁРДУГААРТ, Энэ долоо хоног үүний өмнөх долоо хоногт ч УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн үгийг байнга чулуудах болжээ. Хамгийн сүүлээс дурдахад, Ковидын хуулийг сунгах асуудлыг Засгийн газраас УИХ-д энэ долоо хоног /2021.06.24/-m оруулж ирсэн. Гэтэл нөгөөдүүл нь хэлэлцэхдээ Засгийн газрынхаа үйл ажиллагааг хурцаар шүүмжилж менежмент чинь муу байна, бүтэхгүй юм байна хэмээн загнаж эцэстээ АН-ын бүлгээр завсарлага авахуулж санаагаа амраасан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “МАН дотоод зөрчлөө цар тахлын хууль руу битгий оруул.  Өчигдөр МАН-ын зарим гишүүд энэ хуулиар завсарлагыг АН-ын бүлгийн даргад авах захиалга өгч байсан.  Бүлэг дээрээ энэ асуудлыг ярих хэрэгтэй гэж би хэлсэн. Өнөөдөр цар тахал ярьж байхад албан тушаалын томилгоо ярьж байгаа хүн бий” гэсэн юм. Ингээд МАН-ын гишүүд Засгийн газрын өргөн барьсан ковидын хуулийг улаан цайм унагаж чадахгүй учир АН-ын бүлгээр завсарлага авахуулаад түр хойшлуулж гацаалаа. Өөрсдөө завсарлага авбал “муухай” харагдана шүү дээ.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ӨРСӨЛДӨЖ БУС ӨВЛӨЖ НАМЫН ДАРГА БОЛСОНД ДУРГҮЙЦЭХ ГИШҮҮД ОЛОН БАЙНА-

Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, М.Оюунчимэг гээд олон гишүүд Засгийн газрын сайд нар тэр дундаа Ц.Нямдорж, Н.Уртнасан, С.Энхболд, С.Амарсайхан нарыг дайруулж нэлээд хатуу шүүмжлээд авсан. Энэ ямар учиртай, юуг илтгэнэ вэ. УИХ-ын зарим гишүүн Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар томилж буйг эсэргүүцэж буй үйл явдал юм. Энэ нь ч мөн учиртай.

Учир нь Н.Оюун-Эрдэнэ өрсөлдөж биш өвлөж намын даргын ажлыг авсан.

Ингэхдээ Бага хурлын уур амьсгал, процессыг 100 хувь хайрцагласан нь намын дотоод ардчилал, чөлөөт өрсөлдөөн, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ор, мөргүй алга болгож байна гэж гишүүдийн зарим нь үзэж буй аж. Цаашлаад МАХН-ын гишүүдийг МАН-д оруулах, албан тушаал гаргаж өгч Засгийн газрын бүтцээ өөрчлөх зэрэг ч таалагдахгүй байгаа гэх. 2020 оноос хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, УИХ-ын гишүүдийнхийг багасгасан ч зарим нь “Биднийг барахгүй шүү” гэж буй бололтой. Тиймээс ганц чадах зүйл болон Засгийн газрыг огцруулах, зарим сайд нарыг солих эрх ашиг дээр цөөн амбицтай гишүүд ажиллаж эхэлсэн ч гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс хэт их улс төржилт, амбицдаа дийлдэхгүйн тулд Л.Оюун-Эрдэнэ гишүүдтэйгээ ажиллах, хайрцаглах шаардлага гарч байгаа аж. Ингэхийн тулд сайдын сэлгээгээр зарим гишүүдтэйгээ тохирох хэрэгцээ шаардлага гарч байна гэсэн үг. Хэрвээ чадахгүй бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүгдийг зангидаж, асуудал л гарвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцүүлж, шийдвэр гаргах мэт хортой нөхцөл байдал үүснэ.