Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6 дугаар сарын 1, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 31, 1-нд буюу маргааш нөгөөдөр Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Маргааш буюу энэ сарын 31-нээс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 30-наас 31-нд шилжих шөнө төвийн аймгуудын газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.