Цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд саад учраад байна

Цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд саад учраад байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар, аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлага 04.21-ний өдрийн 20:23 цагт мэргэжлийн байгууллагад ирсэн. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Рашаант сумын Засаг даргын Тамгын газар, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 04.21-ний өдөр очиход тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 иргэн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед ган татлага нь тасарснаар завь нь хөмөрч иргэн

  1. Ү/38 настай, эрэгтэй/,
  2. Б/16 настай, эрэгтэй/,
  3. А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн
  4. Т /Тосонцэнгэл сумын харьяат, 62 настай, эрэгтэй/,
  5. Т /Тосонцэнгэл сумын харьяат, 50 настай, эрэгтэй/,
  6. Г /Шинэ-Идэр сумын харьяат, 50 настай, эрэгтэй/,
  7. У/Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 38 настай, эмэгтэй/,
  8. У/Рашаант сумын харьяат, 32 настай, эмэгтэй/,
  9. Б /Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 8 настай, эмэгтэй/,
  10. А /Рашаант сумын харьяат, 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон.

Тус аймгийн Рашаант сумын Тээл багийн “Цацын-Ам” гэдэг газар хээрийн штабыг байгуулсан бөгөөд 04.23-ны өдөр 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1 дүгээр бүлэг: Тосонцэнгэл сумын “Долоогийн булан” гэдэг газраас тус сумын 2 дугаар багийн “Цацан булан” гэдэг газар хүртэл 50 км-т явганаар голын урд талаар, 2 дугаар бүлэг Тээл багийн “Овоот” гэдэг газраас “Бага ацын булан” гэдэг газар хүртэл Сэлэнгэ голоор 60 км-т усаар 4 завьтай урсаж, 3 дугаар бүлэг Их-Уул сумын Шивээ багийн “Хужирт” гэдэг газраас Тосонцэнгэл сумын “Цацын гүүр” хүртэл 40 км-т явганаар болон автомашинтай, 4 дүгээр бүлэг Тариалан сумаас голоо өгсөж Их-Уул сумын 4 дүгээр багийн “Дунд товцог” гэдэг газар хүртэл 8 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.23-ны өдрийн 14:12 цагт Тосонцэнгэл сумын “Хэлхэлзүүр” гэдэг газар /осол болсон газраас зүүн урагш 53 км/-аас иргэн У/38 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Хан-Уул дүргийн харьяат/-ийн цогцсыг “Сэлэнгэ” голын дунд арлын хойд салаанаас олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоож 04.24-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Осол болсон газар цас орж бага зэрэг шуурсан. Нэмэлтээр Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид 23:00 цагт гарч 04.24-ний өдрийн 04:00 цагт ослын голомтод очсон байдалтай байна.