Б.Тэмүүжин: Хулгайн дуудлагыг авсан даруйдаа шөнийн турш мөрдлөг хийж хэргийг илрүүлсэн

Б.Тэмүүжин: Хулгайн дуудлагыг авсан даруйдаа шөнийн турш мөрдлөг хийж хэргийг илрүүлсэн

Шинэ он солигдохын өмнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд өвлийн хүйтэнд эвдэрч, зогссон автомашиныг тоносон хэрэг гарсан билээ. Уг мэдээлэл цахим сүлжээнд тавигдсан даруйд олон нийтийн анхааралд өртөж, эвдэрч зогссон машиныг тонож, хүн чанаргүй үйлдэл гаргасан этгээдүүдийг иргэд нэлээдгүй шүүмжилж байв.

Тэгвэл Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин хэргийн ул мөр цасанд дарагдаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ч мэргэжлийн ур чадвар гарган нэг өдөр, нэг шөнийн турш мөшгөн гэмт этгээдүүдийг илрүүлж чадсан юм. Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон цаг үед эмнэлэг, цагдаагийн ажилчид гэх мэт эрсдэлт нөхцөлд үүргээ үнэнчээр биелүүлж буй албан хаагчдын ажил үйлсэд талархаад баршгүй. Бид цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжинтэй болсон үйл явдлын талаар ярилцлаа.

-МӨРДӨХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ӨӨРИЙН ОЛЖ АВСАН МЭДЭЭЛЭЛ, СЭЖҮҮРИЙГ ДАГАСААР ХЭРЭГТНҮҮДИЙГ ИЛРҮҮЛСЭН-

-Сайн байна уу. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд иргэний автомашиныг тоносон этгээдүүдийг цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин шуурхай эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулан илрүүлсэн талаарх мэдээлэл цахим сүлжээнд нэлээдгүй хандалт авлаа. Юуны өмнө та бидэнд өөрийгөө танилцуулаач.

-Сайн. Сайн байна уу. Намайг Бямбасүрэнгийн Тэмүүжин гэдэг. Би 2015 оны долдугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаа гэсэн албан тушаалд анх томилогдсон. Тус оны аравдугаар сард Бор-Өндөр сумын цагдаагийн хэсгийн мэдээлэл хүлээн авагчаар томилогдож, 2017-2019 он хүртэл Баянмөнх сумын цагдаагаар ажилласан. Үүний дараа 2020 оны гуравдугаар сард Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдож өнөөг хүртэл ажиллаж байна.

-Та тухайн хэргийн талаар анх яаж мэдсэн юм бэ. Болсон үйл явдлын талаар бидэнд тодорхой мэдээлэл өгөөч.

-2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б-ийн автомашин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд эвдэрч, хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Хурхын Бургас” гэдэг газарт орхисон байсан. 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр машинаа авах гэж очтол аккумулятор, "кома" батарей, урд хоёр болон "запаас" дугуй нь тоногдсон байдалтай олдсон. Тухайн үед хохирогч хэнд хандахаа мэдэхгүй Батширээт суманд очсон юм байна лээ. Өөрөө ч Батширээт сумын суугуул иргэн. Улмаар энэ талаарх дуудлагыг Өмнөдэлгэр сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч надад нэгдүгээр сарын 2-ны өдөр өгч, нөхцөл байдлыг танилцуулсан. Дуудлагын дагуу би нэгдүгээр сарын 2-оос гуравны шөнө унталгүйгээр хэргийг мөшгөж, үйлдсэн этгээдүүдийг олж тогтоосон.

-Хэргийг мөрдөх үйл ажиллагааны явцын талаар асууж болох уу. Хэргийн сэжүүрийг хаанаас олсон гэх мэт.

-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ээ. Та бүхэн ойлгоорой. Цахим сүлжээнд тоногдсон автомашины зураг тавигдаж, “Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч хэргийг үйлдсэн этгээдүүдтэй хуйвалдсан юм биш үү” гэсэн ташаа мэдээлэл тархсан байсан. Мэдээж цагдаагийн албан хаагч тийм зүйл хийхгүй шүү дээ. Тиймээс би үнэн мөнийг тогтоохоор гол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын нэгдсэн сан сүлжээнд хэргийг бүртгүүлсэн. Улмаар мөрдөх үйл ажиллагааны явцад өөрийн олж авсан мэдээлэл, сэжүүрт тулгуурлан хэрэгтнүүдийг илрүүлсэн.

-Машины алдагдсан эд ангиуд бүгд олдсон уу?

-Тийм. Бүгд олдсон. Шөнийн 04.00 цагт тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэхэд хэргээ хүлээж, машины эд ангиудыг гаргаж өгсөн. 

-Тухайн иргэний машинаа үлдээсэн “Хурхын Бургас” гэдэг газар хүн суурьшсан газар байсан уу. Эсвэл эзгүй газар байв уу?

-Хүн суурьшсан газар гэхэд хэцүү. Зүүн зүгт хоёр км-ийн зайд нэг айл бий. Түүнээс хойш 10, 20 гаруй км-ийн зайд л айл суурьшсан зэлүүд газар. Тухайн иргэн уулын доод энгэрийн зам дээр машинаа үлдээсэн байсан.

-АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВАХДАА САНААНДГҮЙ БАЙДЛААР ХЭД ХЭДЭН УДАА ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЖ БАЙСАН-

-Та сая нэг өдөр, нэг шөнө нойргүй явж хэрэгтнүүдийг илрүүлсэн гэж хэлсэн. Хэргийг илрүүлэхэд өөр ямар нэгэн бэрхшээл тулгарсан уу. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар маш хүйтэн байгаа шүү дээ.

-Тийм ээ. Хэнтий аймагт ч маш хүйтэн байна. Таны хэлж буйгаар гадаа мөрдлөг явуулахад л хүндрэлтэй байсан юм уу даа. Би хэргийг мөрдөх замдаа зүүн чихээ хөлдөөсөн. Зүүн чих хөлдөж хавдаад бөхчүүдийнх шиг л болсон доо /инээв/.

-Одоо чих тань зүгээр үү.

-Одоо гайгүй ээ. Хаван нь харьцангуй буучихсан байна.

-Тус хулгайн хэргийн үйл явц ямар байгаа талаар сонирхож болох уу.

-Одоо хэрэг нээж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна.

-Таны хувьд цагдаагийн байгууллагад хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ. Энэ төрлийн гэмт хэрэгтэй өмнө нь учирч байв уу.

-Хэнтий аймгийн Баянмөнх сумын цагдаагаар ажиллаж байхдаа мотоцикл хулгайлахыг завдсан этгээдийг үйлдэл дээр нь баривчилж байсан. Үүнээс өөр 2019 онд хэсгийн байцаагч байхдаа бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан нэг, насанд хүрсэн иргэнийг хүчиндэхийг завдсан хоёр гэмт хэргийг илрүүлж, хэрэг үйлдэгдэхээс өмнө таслан зогсоож байлаа. Бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэргийг тун санаандгүй байдлаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа илрүүлсэн. Тухайн өдөр шөнийн 02.00 цагт би сумын архидан согтуурах хэрэг бүртгэгддэг айлуудын гадна очиж, шалгалт хийж байтал хүүхэд уйлах чимээ сонссон юм. “Ийм орой яагаад хүүхэд уйлдаг билээ” гэж гайхаж гэрт нь орж тус хэргийг илрүүлсэн. Азаар хүүхэд ямар нэгэн бэртэл аваагүй байсан. Одоо тус этгээд ялаа эдэлж байгаа. Энэ мэт цагдаагийн байгууллагад ажиллах явцад янз бүрийн л хэрэгтэй таарч байлаа даа.

-Гэмт хэргийг газар дээр нь илрүүлэхэд тухайн хэргийг үйлдсэн этгээд эсэргүүцэж, цагдаагийн биед халдах тохиолдол хэр гардаг вэ.

-Ер нь гардаг шүү. Цагдаагийн байгууллагын ажилтан иргэний ямарваа нэгэн гомдол мэдээллийн дагуу очиход хүч хэрэглэх, хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэх гэх мэт зүйл олон тохиолддог. Ийм тохиолдолд өөрийн болон бусад иргэний аюулгүй байдлыг хамгаалах нь цагдаагийн албан хаагчийн бас нэгэн үүрэг гэж боддог.

-Та яагаад цагдаагийн мэргэжлийн сонгосон юм бэ.

-Манай хамаатан садан, аав, ээжийн ойрын төрөлд Монголын цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байдаггүй. Миний хувьд гэр бүлийн хэн нэгнийгээ дагаж цагдаа болоогүй өөрийн багын хүсэл мөрөөдлөө дагаж, энэ мэргэжлийн сонгосон гэсэн үг.

-Мэдээж аливаа гэмт хэргийг үйлдсэн этгээдэд буруу байгаа ч ард иргэдийн зүгээс ч сонор сэрэмжтэй байх нь зүйтэй байх. Ярилцлагын төгсгөлд та цагдаагийн албан хаагчийн хувьд ард иргэдэд сэрэмжлүүлэг болгож үг хэлээч.

-Ард иргэддээ хандаж өөрийн эзэмшлийн газарт буй өөрийн эд хөрөнгөндөө эзэн болж, хараа хяналттай байгаарай гэж хэлмээр байна. Таны хэлдгээр гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд буруутай ч нөгөө талаас иргэд сонор сэрэмжтэй байснаар болзошгүй эрсдэлээс өөрийн гэсэн бүхнээ хамгаалж чадна.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа.