Амингэрэл охины аав Э.Батмөнх: Охинд маань тусалсан хүн бүрт талархаад баршгүй

Амингэрэл охины аав Э.Батмөнх: Охинд маань тусалсан хүн бүрт талархаад баршгүй

Аав ээжийнхээ амин гэрэл нь болж төрсөн Батмөнхийн Амингэрэл охин нэгхэн настайдаа элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох болж БНСУ-ыг өнгөрсөн жил зорьсон билээ.

Тухайн үед хагалгааны нийт зардал 440 сая төгрөг шаардлагатай болсон учир охины аав, ээж нь чадах бүхнээ хийж, мөн элэг нэгт Монголчуудаасаа тусламж гуйж байсан. Удалгүй цахим сүлжээнд “SaveforAmingerel” хэмээх “хаштаг” ид давлагаалж бяцхан охины амь насыг аврах аян эхэлсэн юм. Олон хүний сайхан сэтгэлийн ач тусаар Б.Амингэрэл шаардлагатай хагалгаагаа хийлгэж дууссан бөгөөд одоо БНСУ-д хагалгааны дараах эмчилгээ, хяналтад байгаа аж. Бид Амингэрэлийн аав Э.Батмөнхтэй холбогдон охины биеийн байдал ямар байгаа талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Танай гэр бүлд энэ өдрийн мэнд хүргэе ээ. Охин тань саяхан хоёр нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэж буй зураг нь цахим сүлжээнд нийтэлсэн байсан. Охины бие одоо хэр байгаа вэ?

-Сайн. Сайн байна уу. Баярлалаа. Охин маань арваннэгдүгээр сарын 5-нд хоёр нас хүрсэн. Бие нь сайн байгаа. Сар болгон эмнэлэгт үзүүлж, хянуулж байгаа. Хагалгааны дараах хяналт гэдэг нь одоо охинд маань шилжүүлсэн суулгасан элэг биед нь хэрхэн өөрчлөлт үзүүлж байна, мөн сөрөг нөлөө гарч байгаа эсэх гэх мэт эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн хяналтад байхыг хэлж байгаа юм. 

-Цаашид хагалгааны дараах ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байна уу?  

-Охин маань хүнд хагалгаанд орсон болохоор дархлаа бууруулах эмчилгээг насан туршдаа хийлгэнэ. 

-Тантай сүүлд холбогдоход охиныхоо хагалгааны зардалд нэмэр болох үүднээс Солонгост ажил хийж байгаа талаараа ярьж байсан. Одоо та гурав маань яаж амьдарч байна?

-Тийм ээ. Би ажлаа хийдгээрээ хийж байгаа. Эхнэр, охин хоёр маань гэртээ үлддэг. Бид гурав энд амьдардаг Монголчуудынхаа адилаар л аж төрж байна даа. Солонгост коронавирусийн халдвар нэмэгдэж өдөрт 500-аас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа. Би ажлаа тарж ирээд л бүх хувцсаа тайлж, уутлаад л шууд ариун цэврийн өрөө орж гараа угааж, халдваргүйжүүлнэ шүү дээ/инээв/. Манай хоёр сардаа нэг удаа эмнэлэг ордог болохоор гарахдаа амны хаалтаа сайн зүүж, ойр ойрхон сольж эмнэлэгт аль болох удахгүйг хичээж, гэртээ харьдаг. Хариуг нь би очоод авчихдаг. 

-Та болон эхнэр тань охиныхоо төлөө чадах чинээгээрээ зүтгэж, бас сайхан сэтгэлт хүмүүс тусалсан. Энэ хүртэл их урт замыг танай гэр бүл тууллаа. Анх охиноо хагалгаанаас гарч ирэхэд юу бодогдож, мэдрэгдэж байв. Эцэг хүний хувьд амьдралын тань мартагдашгүй мөчүүдийн нэг болж үлдсэн байх аа. 

-Би охинтойгоо хамт хагалгаанд орж, элэг шилжүүлэн суулгасан болохоор яг гарч ирэх үед нь ухаан ороогүй байсан. Хагалгааны дараа би наргозноосоо болоод нойроо дийлэхгүй унтаад л байсан. Тэр үед хань маань гар атгаад сэрээрэй гэж байсныг л санаж байна. Дараа нь шөнийн гурван цагт сэхээний тасагт орчуулагчаараа сувилагч руу залгуулж, охиноо асуулгаж байсан. 

-Охиноо хагалгааны дараа харахад ямар байсан бэ?

-Үнэхээр аймар мэдрэмж төрж байсан. Охин маань хагалгааны дараа дахин, дахин давтан хагалгаанд орсон болохоор харахад маш хэцүү байсан. Хагалгааны дараа бараг 20 гаруй хоног унтаатай байсан юм. Хань бид хоёр шилний цаанаас л харж, залбирдаг байлаа. Заримдаа нэг нь өглөө, нөгөө нь орой гээд ээлжилж харна. Тэр үед охиндоо хүрч чадахгүй шилний цаанаас харахад сэтгэл маш их өвддөг байсан. 

-Олон хүн охинд тань тусалж, бас охины тань төлөө залбирч байлаа. Тэдгээр хүмүүст хандаж үг хэлмээр байгаа байх? 

-Тийм ээ. Тэдгээр хүмүүст үнэхээр баярлаад баршгүй. Монголынхоо бүх ард түмэн бас бидэнд чин сэтгэлээсээ, чадах чинээгээрээ тусалж ирсэн Ари эгчдээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн хайртай эхнэр, бяцхан охиндоо талархаад баршгүй ээ. Та бүхэндээ маш их баярлалаа. 

-Охиноо том болоод ямар хүн болоосой гэж хүсэж байна. Аав, ээж нар хүүхдийнхээ ирээдүйг төсөөлж, ийм мэргэжилтэй хүн болоосой гэж  дотроо бодож байдаг шүү дээ.  

-Тэгэлгүй яахав. Охин маань ямар мэргэжил сонгох эсэхээ өөрөө шийдэх байх аа. Ямар ч мэргэжлийг сонгосон хань бид хоёр дэмжсээр байх болно. Харин ганц хүсэх зүйл нь охиноо эрүүл саруул, сайн хүн болоосой гэж хүсэж байна. 

-Баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг нийт уншигчдынхаа өмнөөс хүсье. 

-Баярлалаа.