Б.Энхбаяр: Ж.Хунан болиорой. Даргаас айдаг хүн хүний эрхийг хамгаалж чадахгүй шүү

Б.Энхбаяр: Ж.Хунан болиорой. Даргаас айдаг хүн хүний эрхийг хамгаалж чадахгүй шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооноос сонгон шалгаруулалт, томилгооны сонсгол зохион байгуулсны үндсэн дээр Х.Мөнхзул, Б.Энхболд, Г.Нарантуяа, Ж.Хунан, Д.Сүнжид нарын таван хүнийг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлсэн.

Энэ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүнээр томилох эсэхээр санал хураалт явууллаа. 

Санал хураалтын дүнгээр Д.Сүнжидийг 65 хувийн саналаар, Г.Нарантуяаг 65 хувийн саналаар, Б.Энхболдыг 67.5 хувийн саналаар, Х.Мөнхзулыг 60 хувийн саналаар, Ж.Хунанг 57.5 хувийн саналаар ХЭҮК-ын гишүүнээр томилохыг тус тус дэмжлээ. 

Харин ХЭҮК-ын Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахад шаардлага хангах хүн байгаагаагүй аж. Тиймээс сонгон шалгаруулат явуулах үүрэг бүхий Ажлын хэсэг уг орон тоонд тэнцэх хүнийг санал болгох боломжгүй гэж үзжээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүх эрх мэдэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хараат болсон хуулийг баталсан. Энэ хууль Үндсэн хуульд заасан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчдөг үү" гэдэг асуултыг асуусан юм. 

Үүнд нэр дэвшигч Ж.Хунан "Хүний эрхийг шууд зөрчөөгүй. Эрсдэлийг бий болгосон" гэж хариулахад Б.Энхбаяр гишүүн "Индэр дээрээс дарга хэлэхэд Үндсэн хуулиа нулимаж буй хүн хүний эрхийн манаанд зогсож чадахгүй. Даргаас айдаг хүн хүний эрхийг хамгаалж чадахгүй. Хунан болиорой" гэсэн юм.