Киргизстанд үймээн самууны улмаас онц байдал зарлалаа

Киргизстанд үймээн самууны улмаас онц байдал зарлалаа

Энэ сарын 4-нд болж өнгөрсөн парламентын сонгуулийн дараа сөрөг хүчний дэмжигчид Киргизстанд эмх замбараагүй байдал үүсгэж, Засгийн газрынхаа ордон руу дайрсан билээ. Тус улсын ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков эсэргүүцлийн жагсаалын эсрэг зэвсэг хэрэглэхгүй хэмээн мэдэгдэж байсан ч өчигдөр /2020.10.09/ орон нутгийн цагаар 20:00 цагаас эхлэн аравдугаар сарын 21-ний өдөр хүртэл онц байдлын дэглэм тогтоож байгааг зарлажээ.

Онц байдлын хүрээнд хөл хорионы цаг тогтоож, нийслэл Бишкекийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, цэрэг армийн тусламжтайгаар дэг журам сахиулах юм. Улмаар нийслэл Бишкек хот дотор хамгаалалтын пост байгуулах, цэрэг, зэвсэг төвлөрүүлэх эрхийг Киргизийн армид олгожээ.

Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков өчигдөр мэдэгдэл хийж үймээн самууныг зогсоох шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа огцрохоо мэдэгдсэн. Гэсэн ч улс төрийн сөргөлдөгч талуудын хооронд гудамжны тулаан, нударган зодоон болж, хэд хэдэн хүн нэмж бэртсэний дараа энэхүү шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж: BBC