ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын эзэнт гүрний хүчирхэгжлийн нууц нь цагаан идээ байв уу

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын эзэнт гүрний хүчирхэгжлийн нууц нь цагаан идээ байв уу

Бидний өвөг дээдэс, нүүдэлчин монголчууд Америк, Австрали тивийг нээгээгүй байхад Ази, Европ тивийн ихэнх хэсгийг хамарсан томоохон эзэнт гүрнийг байгуулж явсан билээ. Үүнтэй холбогдуулан ам цөөтэй нүүдэлчин монголчууд түүхэндээ хэрхэн тэр том эзэнт гүрнийг байгуулсан талаар түүхчид, судлаачид янз бүрээр тайлбарладаг. Тэгвэл Harvard Magazine сэтгүүлд бидний өвөг дээдсийн байлдан дагуулал, хүчирхэгжлийг бусад түүхчээс тэс өөр өнцгөөр буюу цагаан идээтэй холбон тайлбарлажээ. Ингээд тус нийтлэлийг орчуулан хүргэе.

XIII зуунд Чингис хаан болоод түүний залгамжлагчдын байгуулсан эзэнт гүрэн зүүн Европоос Номхон далай хүртэл, Персээс Орос хүртэлх өргөн уудам нутгийг хамарч, дэлхийн талыг эзэгнэж явсан билээ.

Тэгвэл нүүдлийн соёл иргэншил МЭӨ 200 оноос хойш Евро Азийн эзгүй хээр нутгийн гурав дахь том эзэнт гүрнийг хэрхэн бий болгож, уудам тал нутгийг байлдан дагуулах болов? Үхэр тэрэг хөлөглөсөн эдгээр нүүдэлчдийн өвөг дээдэс хэрхэн дорноос өрнө хүртэл тархаж, Европ, Азиудын генетикийн бүтцийг үндсээр нь өөрчлөв? Эдгээр асуултууд эрхгүй түүх судлаачдын анхаарлыг татдаг юм.

-МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ХҮЧИРХЭГЖИХ НЭГЭЭХЭН ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ЦАГААН ИДЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ-

Гэвч энэ бүх асуултын хариултыг археологийн олдвороос олоход хэцүү. Учир нь нүүдэлчин амьдралын онцлогийн дагуу тэдний соёл иргэншлийн ул мөр бусад эзэнт гүрэнтэй харьцуулахад маш хомс үлдсэн байдаг. Тиймээс эрдэмтэд эртний нүүдэлчдийн хоол хүнсний хэрэглээ, бие махбодийн микробиомын хувьсал хөгжлийг судлах замаар Евразийн тал нутагт байгуулагдсан эзэнт гүрнүүдийн хүчирхэгжлийн үндэс суурийг тогтоохоор судалжээ.

Уг судалгааныхаа явцад нэгэн сонирхолтой үр дүнд хүрсэн нь Монголын эзэнт гүрний хүчирхэгжих нэгээхэн хүчин зүйлийг цагаан идээний хэрэглээтэй холбон тайлбарласан үзэгдэл юм. Тодруулбал таван хошуу малаас гарган авах олон төрлийн цагаан идээний хэрэглээ, ахуй, соёл нь өргөн уудам орон зайд тархан аж төрөх нүүдэлчин овог аймгуудыг соёлын хувьд тогтвортой, нэгдмэл байлгасантай холбоотой гэжээ.

Үүнийг нотлох нэгэн гайхалтай жишээ бол эртний хүмүүсийн шүдний хөгц гэж үзжээ. Тиймдээ ч эртний хүмүүсийн талаарх судалгаанд хөсөр хаягдсаар ирсэн шүдний хөгцийг өдгөө археологичид судалгааны нэн чухал архив гэж үзэх болсон. Үүний үндсийг Харвардын их сургуулийн судлаач, антропологич, профессор Кристина Варинер (Christina Warinner) анх тавьжээ. Тэрээр Харвардад бакалаврт суралцаж байхдаа амны хөндийн микробиом буюу шүдэн дэх бичил биетнүүдийн тусламжтай нүүдэлчдийн хэрэглэж байсан хоол хүнс, улмаар түүгээр дамжуулан генетикийн мэдээллийг судалж эхэлсэн байна.

Монголын хойд нутагт 3200 жилийн өмнө амьдарч байсан хүний шүд. Эрдэмтэд энэхүү чулуужсан шүдэн дэх уургийг судалж, шүдний эзэн хонь, ямааны сүү ихээр хэрэглэдэг байсныг тогтоожээ.

-ЦАГААН ИДЭЭ ХЭРЭГЛЭДЭГ НҮҮДЭЛЧДЭД ХҮРТЭЛ СҮҮНИЙ САХАР ШИНГЭЭХ ГЕН ХОМС БАЙДАГ-

Хачирхалтай нь судалгаагаар дэлхийн ихэнх хүн амд, бүр тал нутгийн нүүдэлчдэд хүртэл лактоз буюу сүүний сахарыг шингээж чадах генийн хэв шинж хомс байдаг нь тогтоогджээ. Гэсэн ч угсаатан зүйн судалгаагаар нүүдэлчид лактозыг шингээх чадвар муу атлаа, монголчууд зуны цагт авах хүнсний илчлэгийнхээ 30-50 хувийг  нь цагаан идээнээс авдаг гэх судалгааны үр дүн гарсан явдал юм.

Тэгвэл нүүдэлчдийн бие физиологи хоол хүнснээсээ авдаг ийм өндөр хэмжээний лактоз буюу сүүний сахарыг хэрхэн шингээж буйд одоо хүртэл хариулт олдоогүй байна. Уг асуудалд судлаач Варинер монголчуудын ходоодны микробиомууд дасан зохицох өндөр чадамжтай болж мутацжсан гэх таамаглал дэвшүүлжээ.

Түүний таамгаар Монголын эзэнт гүрэн хүчирхэгжсэн нэгээхэн хүчин зүйл нь  цагаан идээний хэрэглээ болон ходоодны бактери юм.