Жорж Флойдын амь насанд хүрсэн хэргийн шүүх хуралд 38 гэрчийг дуудаж, оролцуулжээ

Жорж Флойдын амь насанд хүрсэн хэргийн шүүх хуралд 38 гэрчийг дуудаж, оролцуулжээ

Африк гаралтай америк эр Жорж Флойдыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй цагдаагийн ахмад Дерек Шаувины гэм бурууг тогтоох тангарагтны шүүх хуралдаан 21 дэх хоногтоо үргэлжилж түр завсарлага авчээ.

Прокуророос Дерек Шаувиныг гэм буруутай хэмээн үзэж байгаа ч түүний өмгөөлөгч “цагдаагийн бэлтгэлийн дагуу зөв арга хэмжээ авсан” хэмээн үзэж байгаа юм. 

Шүүх хуралдааны үеэр прокурорууд 38 гэрчийг дуудаж мэдүүлэг авсны дотор цагдаагийн хүч хэрэглэсэн явдлыг шүүмжилсэн шинжээчид, Флойд хэрхэн нас барсныг тайлбарласан эмч нар оролцсон байна. 

Сэжигтэн Дерек Шаунд хоёрдугаар зэргийн аллага үйлдсэн хэрэгт 40 жил, гуравдугаар зэргийн аллага үйлдсэн хэргээр 25 хүртэлх жил, хүний ​​амийг хөнөөсөн хэргээр 10 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй байна. Хамгийн гол нь уг гурван хэрэг тус бүрд түүнийг шүүж, ял оноох өндөр магадлалтай байгаа аж. Харин Дерек Шаун өөрийгөө эдгээр хэргийн алийг нь ч хүлээх ёсгүй, гэм буруугүй хэмээн мэдүүлж, огт харамссан шинжгүйгээр прокурорын асуултад хариулсан нь олон хүний уур бухимдлыг төрүүлээд байна. 

Тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнд 12 шүүгч багтаж байгаа бөгөөд тэдгээрийн  зургаа нь цагаан, дөрөв нь хар, хоёр нь олон үндэстэнтэй хүн байна. Мөн долоо нь эмэгтэй, тав нь эрэгтэй аж. 

Флойдын цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтэд Флойдыг цагдаа нар баривчлах үедээ хэрэглэсэн аргаас үүдэлтэй зүрх, уушгины хурц дутагдлын улмаас /зүрх-амьсгал зогсох/ нас барсан бичсэн байдаг.  Цагдаагийн оффицер Шаувин бүтэн найман минутын турш Флойдын хүзүүн дээр өвдөглөсний дараа тэр нас барсан юм.

Шүүхийн танхимын эргэн тойронд өргөст утас, өндөр хаалт тавьж, Үндэсний гвардийн зэвсэгт цэргүүд хамгаалж байна. Учир нь улс орон даяар шүүхийн шийдвэрийг үл харгалзан арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байгаа юм. 

Эх сурвалж: CNN

 

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө