Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АН-ын даргад Я.Санжмятав, Л.Болд нарыг санал болгосон уу

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АН-ын даргад Я.Санжмятав, Л.Болд нарыг санал болгосон уу

Орон нутгийн сонгууль өнгөрөгч долоо хоногт болж дууслаа. Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд Ардчилсан нам /АН/ найман аймаг, нэг дүүрэгт бүрэн ялалт байгуулж, ирэх 4 жилд тус есөн газарт засаглахаар болж байна.

-НАМЫН ДАРГАА НИЙТ ГИШҮҮДЭЭСЭЭ СОНГОДОГ ДҮРМЭЭСЭЭ АН ТАТГАЛЗАЖ, БҮЛЭГ ФРАКЦЫН БАЙДАЛДАА ШИЛЖИНЭ-

Харин энэ сонгуулийн дараа АН-ын дотоод шинэчлэл эхэлж байгаа бололтой. Учир нь энэ оны наймдугаар сард хуралдсан тус намын ҮБХ-ны хурлаар ирэх арван нэгдүгээр сарын 16-ны өдөр “Намын их хурал”-аа зарлаж, намын дүрэм  болоод намын даргын асуудлаа ярилцахаар болсон.

АН-ын Их хуралд бэлтгэх ажлын хэсэг ч тус намд гарчихсан ажиллаж байгаа ажээ. 2017 онд тус нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын бүх шатны даргаа нийт гишүүдийнхээ саналаар сонгодог болсон. Энэ нь тус намд фракц,  бүлэглэл гэх зүйлийг байхгүй болгосон гэдэг. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа тус намын фракцууд буцаад бий  болж байгаа бололтой. Тус намд З.Энхболд, С.Эрдэнэ нарын удирддаг “Шонхор”, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын толгойлдог “Нэг ардчилал-МҮАН”, Н.Алтанхуягийн удирддаг “Алтангадас”, Н.Батбаяр, Р.Амаржаргал нарын МҮДН, Х.Баттулгын гэдэг МоАХ зэрэг фракц, бүлэглэлүүд бий.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АН-ЫН ДАРГЫН ТОМИЛГООГ
ШИЙДЭХ ҮҮ-

АН-ын дээрх фракцуудын үйл ажиллагаа идэвхжиж, тус бүрдээ намын даргад хэнийг дэвшүүлэхээ ярилцаж байгаа ажээ. Тодруулбал, “Нэг ардчилал-МҮАН” фракцаас Л.Гантөмөрийг АН-ын даргад нэр дэвшүүлэх ажээ. Харин нөгөө талд тус намын зарим гишүүд АН-ын даргаар УИХ-ын гишүүн байх ёстой гэж, Увс аймгаас парламентад сонгогдсон О.Цогтгэрэлийг зүтгүүлж байгаа ажээ.

Харин тус намын зарим гишүүд бүрэн шинэчлэгдье гэж байгаа бол “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч Ц.Оюунгэрэлийг намаар дарга болгоё гэх санал ч гаргах болжээ.

Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын үйл ажиллагаанд далд байдлаар идэвхтэй оролцох болсон Ерөнхийлөгч Х.Баттулга тус намын даргад өөрийн зөвлөхөөрөө томилоод буй Я.Санжмятавыг зүтгүүлж байгаа аж. Мөн Ж.Батдандан, Л.Болд нарын ШИНЭ намын АН-тай нэгдэх үйл явцаас хамаарч Л.Болдыг ч АН-ын даргад сойж байгаа сурагтай. Нөгөө талд Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Батсуурийг ч АН-ын даргад Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлж болзошгүй байгаа ажээ.

-ОРОН НУТГААР ТОЙРЧ, АН-ЫН ЗАРИМ ГИШҮҮДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАА Х.БАТТУЛГА ИХЭЭХЭН НУУЦАЛЖ БАЙНА УУ-

Учир нь ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга АН-аас нэр дэвшин өрсөлдөх бэлтгэл ажлаа ийнхүү хангаж, тус намын дотоод үйл хэрэгт идэвхтэй оролцож байж болзошгүй юм. Учир нь орон нутгийн сонгуулийн өмнөхөн тэрээр аймгуудаар тойрч иргэдтэй уулзаж, зарим ээж нарт “Алдарт эхийн одон” гардуулсан ч, нөгөө талд энэ үеэрээ орон нутгийн АН-ын гишүүдтэй нууцхан уулзаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд баригдаж байгаа төмөр замын талаараа танилцуулж, зарим АН-ын зарим гишүүдийн төрийн одон медал авах хүсэлтийг нь ч сонссон байна.

Харин АН-ын гишүүдийн гар утсыг Ерөнхийлөгч Х.Баттулгын уулзалтын үеэр хурааж авсан нь, тэдэнтэй уулзсан гэдгээ олон нийтээс ихээхэн нууцалж байж болзошгүй юм.

Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Энэ утгаараа аль нэг улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох хуулиар хориотой. Сонирхуулахад, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ёсоор 2021 оноос “Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” сонгох юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө