"БНХАУ-д бэлэглэх 30 мянган хонь"-ын эхний 5 мянган толгой хонь тус улсад хүрчээ

"БНХАУ-д бэлэглэх 30 мянган хонь"-ын эхний 5 мянган толгой хонь тус улсад хүрчээ

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. 

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын дараа манай зарим иргэд, аж ахуй нэгжийн хандиваар 14 мянга гаруй хонь цуглараад байсан юм. 

Харин иргэдийн хандивласан бүх хонийг БНХАУ-ын талд бэлэглэх боломжгүй, учир нь тухай бүс нутагт 3 жилийн дотор малын гоц халдварт өвчин гарсан бол малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн экспортлохгүй байх Олон улсын эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Ингээд Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймгийн малчдаас нэг хонийг нь 95 мянган төгрөгт үнэлэн худалдан авч, БНХАУ-д хандивлах 30 мянган хонин сүргийн тоо, толгойг бүрдүүлж эхэлсэн байдаг.

Мөн 30 мянган хонины хандивлах ажлын санхүүжилтэд нэгэн төрийн өмчит үйлдвэрийн газраас 1 сая ам.долларын санхүүжилт гаргасан гэх мэдээлэл ч бий. 

Тэгвэл одоогоор дээрх гурван аймгаас 18 мянган толгой хонь бүрдээд байгаа ба үүний 5 мянган толгой хониныг манай улсын хилээр хөлөөр нь гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. БНХАУ-ын тал Монголын ард түмнээс бэлэглэж буй “30 мянган толгой хонь”-ны эхний ээлжийг хүлээн авч, фермийн зориулалттай тусгай хашаанд байршуулж байгаа ажээ. 

30 мянган хонины эхний ээлж БНХАУ-д

Учир нь 30 мянган толгой хонийг БНХАУ-ын тал “амьдаар авах хүсэлтэй” буйгаа уламжилсан бөгөөд манай Гадаад харилцааны яам болоод ХХААХҮЯ, Мал эмнэлгийн үржлийн газар тус асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа билээ. Сонирхуулахад, "30 мянган толгой хонь" цуглуулахад ямар зохион байгуулалт хийгдэж, эздэдээ хэрхэн очих талаар өгүүлэх баримтат киног манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран бүтээж байгаа гэх мэдээлэл бий. 

БНХАУ-д бэлэглэх 30 мянган хонины эхний ээлж




Өнөөдөр бич өдөр

52 минутын өмнө