ШУА-ийн Биологийн хүрээлэн шар тостой саван үйлдвэрлэж байна

ШУА-ийн Биологийн хүрээлэн шар тостой саван үйлдвэрлэж байна

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын Нийлэгжлийн лаборатори 2017 оноос органик саван үйлдвэрлэх, найрлагыг баяжуулах туршилт судалгааг явуулж эхэлжээ. Энэхүү туршилтынхаа үр дүнд бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж буй аж.

Ингэснээр сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах үйлчилгээ бүхий барагшунтай, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тостой, зөөлрүүлж, чийгшүүлэх сүүлний тостой, тэжээл өгөх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй шар тостой, гуужуулагчтай гэх мэт олон төрлийн орц, найрлагатай органик саван үйлдвэрлэж байна.          

Химийн бодисын агууламж ѳндѳртэй саванд мэдрэг арьстай хүмүүс олон байдаг. Органик саван хэрэглэснээр химийн найрлагатай савангаас үүдэлтэй арьсыг цочроох, хуурайшуулах асуудлыг шийдэх боломжтой юм. Органик бус савангийн найрлаганд парабен, фталат, нефьтээс гаралтай химийн бүтээгдэхүүн, нийлэг ѳнгѳ, үнэр оруулагч бодис ордог ба эдгээр нь хүний биед харшил үүсгэх, батгаших, хуурайших, загатнах зэрэг таагүй нѳхцөлийг бүрдүүлдэг байна. 

Харин органик савангийн найрлаганд цэвэр байгалийн гаралтай тос болон нэмэлт бүтээгдэхүүн агуулагддаг. Тухайлбал, наргил модны тос, оливийн тос, сүүлний тос, шар тос нь арьсны рН-ыг тэнцвэржүүлж, тэжээл ѳгч чийгшүүлэх үйлчилгээтэй. Эфирийн тосыг нэмснээр байгалийн ургамлын үнэр оруулахаас гадна бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах, бактерийн эсрэг давхар үйлчилгээтэй болгодог. Мѳн органик саванг биологийн идэвхт нэгдэл болох эфирийн тос, барагшун зэргээр баяжуулснаар бүтээгдэхүүний чанар, нэр тѳрѳл, хэрэглэх хүрээг тэлэх боломжтой хэмээн тус хүрээлэнгээс мэдээлэв.