Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно. 

Монгол, Киргиз улс хооронд ээлж дараалан төрийн өндөр дээд айлчлалууд амжилттай хийгдсэн. Үр дүнд нь хоёр улсын худалдааны эргэлт даруй 5 дахин нэмэгдээд байна. Үүнээс гадна Монголын хувийн хэвшлийн компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж байна. Тухайлбал, Инвескор ББСБ тус улсад 4 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бол хэдхэн хоногийн өмнө Монос групп бүтээгдэхүүнээ Киргиз улсын зах зээлд албан ёсоор худалдаалж эхэлснээ зарлаад байна.

Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, холбогдох эрх зүйн үндсийг бататгах ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.