ВИДЕО: “Улаанбаатар” их дэлгүүрийн босс Г.Баттүшигийн "Хүрээ амаржих"-ын газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон ч, тэрбээр барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна

ВИДЕО: “Улаанбаатар” их дэлгүүрийн босс Г.Баттүшигийн "Хүрээ амаржих"-ын газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон ч, тэрбээр барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Бадамжунайн гараар орж МИАТ-ийн гэх Б.Эрдэнэбилэгт очсон "Хүрээ амаржих"-ын газар Г.Баттүшигийн мэдэлд хэрхэн шилжсэн талаар бид өмнө нь баримтад нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байсан.

ВИДЕО: 

Тус нэвтрүүлгээр Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд байрлах "Хүрээ" амаржих газар буюу хоёрдугаар төрөх эмнэлгийн эзэмшлийн газрыг эрх мэдэлтнүүд хэрхэн бусдад шилжүүлж, газрыг өөрсдийн болгосон талаарх баримтыг бид энэ удаад дэлгэсэн билээ. Тухайлбал, 2003 оны арванхоёрдугаар сард Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тухайн үеийн Хотын менежер Т.Бадамжунай “Хүрээ” амаржих газрын 12 мянга 800 мкв газраас 305 м2 талбай бүхий  талбайг ахмад дайчин, улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдэд олгоно гэх найман айлын орон сууцны төлбөр болох 173.8 сая төгрөгийн өр төлбөрт НИТХ-ын төлөөлөгч, МИАТ-ын дарга асан Б.Эрдэнэбилэгт өгсөн. Гэвч түүний “Баялаг бийлд инвест” ХХК нь найман айлын орон сууцыг барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн тухай баримт нотолгоо байдаггүй. Улмаар Б.Эрдэнэбилэг 2014 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн газар эзэмших эрхийг “Баялаг бийлд инвест” ХХК-аас иргэн П.Энхээд шилжүүлсэн байдаг.

Ингэж эрх мэдэлтнүүдийн гар дамнан явсан Хоёрдугаар төрөх эмнэлгийн газрын асуудал нь олон шүүхийн хаалга татаж, шийдвэр, захирамж гарч байсны эцэст 2830 м.кв газар нь “Улаанбаатар” их дэлгүүрийн босс Г.Баттүшигийн мэдэлд шилжиж, тухайн газарт тэрбээр төвлөрсөн авто зогсоол, орон сууц барихаар барилгын ажлаа эхлүүлээд байсан юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл хууль дүрэм, журам зөрчиж өөрийн болгосон Г.Баттүшигийн дээрх газрыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хүчингүй болгожээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах иргэн Г.Баттүшигийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 08-ы өдрийн А/397 дугаар захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. 

Хэдийгээр Хотын дарга Х.Нямбаатар иргэн Г.Баттүшигийн газар эзэмших эрх нь хууль зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж хүчингүй болгосон ч тус захирамж гарснаас хойш дээрх газарт баригдаж буй барилгын ажил зогсох бус  бүр эрчимтэй үргэлжилж буй гэдгийг “Хүрээ” амаржих газрын ажилтнууд болон тус хорооны оршин суугчид хэлж байлаа.

“Хүрээ” амаржих газрын Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн орлогч дарга Б.Алтангэрэл:

-“Нийслэлийн засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 08-ы А/397 дугаар захирамжаар иргэн Г.Баттүшигийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэсэн ч түүнээс хойш дээрх газарт баригдаж буй барилгын ажил эрчимтэй явж эхэлсэн. Тиймээс бид одоогоор холбогдох дээд шатны байгууллагуудад хуулийн хүрээнд албан тоот хүргүүлж байгаа.

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч:

-Энэ газарт баригдаж буй барилга нь хууль бус буюу Хоёрдугаар эмнэлгийн газраас тастаж авсан газар бөгөөд эмнэлгийн барилгатай хэт ойрхон ямар ч стандартгүй. Мөн энэ хавьд оршин сууж буй иргэд иргэн Г.Баттүшигийн энэхүү барилгын ажлаас болж машин байтугай явган хүний ч зам, гарцгүй болж байна. Барилга барьж буй хүмүүс юм уу, төлөөлж буй хүмүүстэй нь уулзаад гомдлоо хэлэхээр 24 давхар авто зогсоол барьж байна. Барилгын ажил дуусахаар зам тавьж өгнө гэдэг.

Түүнчлэн дээрх барилгын ажлыг хариуцсан менежер гэх н.Зоригттой холбогдож,  захирамж гарсан ч барилгын ажлаа яагаад үргэлжлүүлж буй талаар тодруулахад, “Манай компанид ямар нэг албан ёсны албан тоот одоогоор ирээгүй учир барилгын ажлаа үргэлжлүүлж байна” гэх тайлбарыг өглөө.