“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудалтай холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар өчигдрийн Засгийн газрын хурлаар Төв цэнгэлдэхийг нийслэл дангаараа эзэмшдэг болно гэж мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдрийн /2024.04.18/ НИТХ-аар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоогийн эзэмшигчидтэй хэлэлцээр хийх эрхийг хэлэлцүүлэхээр болсон талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлжээ.
Сонирхуулахад, Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 38 га газрыг хамардаг байсан. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор найман га болтлоо багассан байдаг. Хэдий Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг хувьчилсан ч газрыг нь зөвхөн спортын зориулалтаар түрээсэлж, ашиглах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хашаа хатгаж, барилга байгууламж барихаас гадна машин ачилтын үйлчилгээ явуулж байсныг албаныхан зогсоож байсан.