“Мияагино” дэвжээг албан ёсоор хааж, Хакухо бөхчүүдийн хамт Исэгахама дэвжээнд хуваарилагджээ

“Мияагино” дэвжээг албан ёсоор хааж, Хакухо бөхчүүдийн хамт Исэгахама дэвжээнд хуваарилагджээ

Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан Мияагино дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо буюу А.Даваанинж өнгөрсөн хоёрдугаар сард дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэнээс болж тус дэвжээг хааж, бөхчүүдийг тараах саналыг Сумо бөхийн холбоо гаргаад байсан.

Өчигдөр буюу пүрэв гарагт Японы сүмо бөхийн холбоо Мияагино дэвжээг албан ёсоор хааж, бөхчүүд болон багш нарыг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлж байгааг зарлажээ. Эхний төлөвлөгөөгөөр Мияагино дэвжээний бөхчүүдийг өөр өөр дэвжээ рүү хувааж илгээхээр яригдаж байсан ч Японы сүмогийн холбоо бүх бөхийг нэг дор шилжүүлэхийг илүүд үзсэн байна. Мөн шийдвэрийн дагуу Хакүхо бөхчүүдийнхээ хамтаар Исэгахама дэвжээнд шилжиж, тус дэвжээнд багшаар ажиллах болжээ Ийнхүү Мияагино дэвжээний 20 орчим бөх Исэгахамад нэгдсэнээр сүмогийн хамгийн том дэвжээ болох юм.

Японы сүмогийн холбооны олон нийттэй харилцах менежер Садогатакэ Токиод болсон захирлуудын зөвлөлийн хурлын дараа "Мияагино дэвжээ бүр алга болно гэсэн үг биш. Түр хугацаанд хяналтад байна гэсэн үг. Мияагино ояката дахин сайн бөхчүүдийг хүмүүжүүлнэ гэдэгт бид найдаж байна" гэж мэдэгджээ.