Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, олж авсан, бусдад өгсөн хүнд нэг жилийн хорих ял оногдууллаа

Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, олж авсан, бусдад өгсөн хүнд нэг жилийн хорих ял оногдууллаа

Прокуророос В, Л, Д нарыг  сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, бусдад өсгөн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иргэн В нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Баянхошуу гэх газраас цагаан өнгийн нунтаг зүйлийг олж, хадгалж байх хугацаандаа иргэн Л-ээр дамжуулан иргэн Д-д өгсөн,

-иргэн Л нь тухайн эд зүйлийг В-ээс хүлээн авч, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу хувийн тээврээр буюу таксигаар ирж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Замын-Үүд суманд ирсэн иргэн Д-д дамжуулан өгсөн, Л, Д нар нь тухайн нунтаг, цагаан өнгийн зүйлийг Замын-Үүд сумын “ С “  гэх буудалд байрлаж байхдаа тарианы шил, гуурс, мөнгөн тэмдэгт зэргийг ашиглан хэрэглэжээ.

Дээрх байдал нь цагдаагийн байгууллагын шалгалтаар илэрч Л, Д нарын шээснээс болон хэрэглэсэн эд зүйлээс шинжилгээ авахад метамфетамин /Methamphetamine/ гэх бодис илэрсэн бөгөөд энэ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны ‘’Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ийн хоёрдугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодис байсан нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулинд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд  нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,  хадгалсан, бусдад өгсөн бол гэмт хэрэгт тооцохоор заасан байх бөгөөд энэ тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар Д, Л, В нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн тогтоогдосон гэж үзэж, шүүгдэгч нар нь урьдаас төлөвлөж, тохирч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх зорилгоор олж авсан, хадгалсан, бусдад өгч гэмт хэргийг санаатай үйлдсэн, олон нийтийн аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай зэрэг байдлыг тал бүрээс нь дүгнэж,  Д, Л, В нарт тус бүрт нь 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.