Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн иргэний жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянгаар торгожээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн иргэний жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянгаар торгожээ

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас зөрчилд холбогдогч О.Б-г “Toyota crown S180” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил үйлдсэнд тооцуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
 
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т “жолооч согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан. Прокуророос Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар зөрчилд холбогдогч О.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах дүгнэлтийг гаргав.
 
Зөрчилд холбогдогч О.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг хуулиар тогтоох нь хууль ёсны зарчим тул зөрчилд холбогдогч О.Б-ын үйлдсэн дээрх зөрчил нь тээврийн хэрэгсэл жодоолох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж торгох, баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан зөрчил юм.
 
Иймд шүүх зөрчилд холбогдогч О.Б-ын хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг тус тус харгалзан Прокурорын дүгнэлтийг хүлээн авч зөрчилд холбогдогч О.Б-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж шийдвэрлэжээ.