"Парис 2024" зуны олимпийг зорих болзлоо биелүүлсэн есөн жүдоч байна

"Парис 2024" зуны олимпийг зорих болзлоо биелүүлсэн есөн жүдоч байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос “Парис-2024” олимпын эрхийн дэлхийн чансаагаа шинэчлэн гаргажээ. Чансаанд олимпын урьдчилсан шатны хоёр жилийн амжилтыг тооцон гаргадаг. Зургадугаар сарын 23-нд олимпод зодоглох бөхчүүдийн чансаа тодорхой болно.

Нийт 238 тамирчин (119 эрэгтэй, 119 эмэгтэй) эрх авах юм. Дараа нь тивийн квотоор 100 жүдочид эрх олгоно. Европоос 25, Африк тивээс 24, Өмнөд болон Хойд Америкаас тус бүр 21, Азиас 20, Далайн орнуудаас 10 тамирчин эрх авна. Олон улсын жүдо бөхийн холбооноос тив тус бүрийн тамирчдын жагсаалтыг гаргаж, чансааны дагуу эрхийг олгоно.

Манай улсаас эмэгтэйчүүдийн долоон жингээс дөрөвт нь эрхийн болзол биелүүлээд байна. Тодруулбал, 48, 52, 57, +78 кг-ын жинд жүдочид Парист өрсөлдөх нь ээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс 60, 66, 73, -100, +100 кг-ын жинд одоогийн байдлаар болзлоо биелүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн 63, 70, -78, эрэгтэйчүүдийн 81, 90 кг-ын жингийнхнийг  чансааны оноогоо ахиулах дөрвөн “Их дуулга” ангиллын тэмцээн хүлээж байна. Түүнчлэн дөрөвдүгээр сард Азийн аварга, тавдугаар сард ДАШТ-д Монголын жүдочид барилдана. Монголын багийн хувьд олимпод оролцох бүрэлдэхүүн бараг тодорхой. Гагцхүү эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-д хэнийг явуулахаа Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд шийднэ.