Уулын цаначдын анхны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Уулын цаначдын анхны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Уулын цаначдын анхны улсын аварга шалгаруулах тэмцээн “Скай Резорт” цанын баазад болж байна. 

Анхдугаар тэмцээн жиант слалом, слалом төрөлд болох бөгөөд 12, 14, 16, 18 нас, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулна. Монголын уулын цанын тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнээс уралдаанаас гадна залуучуудын өвлийн олимп, Азийн өвлийн олимп, өвлийн паралимпын наадамд эх орныхоо нэрийг гаргасан түүхтэй.

Тодруулбал, 2022 оны Бээжингийн өвлийн паралимпын наадамд уулын цанын төрлөөр Монгол Улсаас анх удаа Бямбадоржийн Цэрэнпунцаг оролцож түүх бүтээсэн юм. Харин Уулын цанын жиант слаломын төрлөөр эмэгтэйчүүдийн ангилалд Х.Халиун анх удаа залуучуудын өвлийн олимпод оролцох эрхээ авснаар шинэ түүх бичсэн удаатай. Уг олимпод манай улсаас А.Итгэл, Х.Халиун, О.Өсөх-Ирээдүй, М.Манлайжав нар оролцож байв. Хамгийн сүүлд Азийн өвлийн спортын наадам Солонгосын Канвон хотноо болоход Монголын уулын цанын хоёр тамирчин цасан замд мөрөө гаргасан юм.

Сонирхуулахад, Монголд хөгжиж, сүүлийн үед залуучууд ихээр хичээллэх болсон өвлийн спортын төрлүүдээс биатлоны төрөл өнгөрсөн өдрүүдэд анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан билээ.