Д.Доржпүрэв: Дахиад зуд болоход даатгалаараа зээлээ төлж болдог шийдлийг гаргаж өгөхийг л малчид хүсч байгаа /ВИДЕО/

Д.Доржпүрэв: Дахиад зуд болоход даатгалаараа зээлээ төлж болдог шийдлийг гаргаж өгөхийг л малчид хүсч байгаа /ВИДЕО/

Өнгөрсөн лхагва гарагт "Олуулаа” клубээс хаваржилтыг даван туулахад туслах зорилготой “Олуулаа олон төл аваръя” аяны талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл “Олуулаа” ТТБ-ын удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Д.Доржпүрэв тус аяны ерөнхий зорилго, цаашид хэрхэн яаж үргэлжлэх талаарх мэдээлэл, шийдлийн талаар ярьлаа.

ВИДЕО: 

Тэрээр "Малчид зуданд нэрвэгдлээ гээд зээл хаагаад өгөөч, бидэнд туслаад өгөөч, ингээд өгөөч гэж айхтар гуйсан юм байхгүй. Ахиад зуд болоход даатгуулсан даатгалаараа зээлийнхээ төлбөрийг төлж болдог шийдлийг гаргаж өгөөчээ л гэж хүсээд байгаа юм. Мөн малчдын хүсээд байгаа зүйл бол "зам гаргаад өг, тэжээл малдаа хүрэх боломж гаргаад өг, дахиад малаа өсгөөд амьдралаа авч явах боломжийг олгож өгөөч л гэж байгаа юм.Зуд бидний хүссэнээр болохгүй. Тиймээс дахин эрсдэл гарах үед асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар олуулаа зөвлөлдье, шийдье гэж байгаа юм.

Малчид хотод ирээд паалантай жорлонд сууж, дулаахан байранд байх боломжтой л улс. Гэхдээ тэд ингэж өрсөлдье гэж бодохгүй байгаа. Тэд өөрсдийн амьдралыг тэтгэх халуун хошуутай малаа өсгөе гээд, биднийг бас эрүүл сайхан хүнстэй байг гээд зориод л явж байгаа хүмүүс. Зудын аюул ганцхан үеэр өнгөрөхгүй. Шар усны үер болно, төл мал хүлээж авна. Төл мал хүлээж авахад эх нь сульдуу дорой байвал юу болох уу. Ядарсан хүнийг эмчилж байна гээд хэт их хоол, тэжээлээр шахаад байвал яах уу.

"Олуулаа" клубээс олон төл аварья аяныг зохион байгуулсан. Яаж аврах вэ гэхээр алдсан тоогоо нөхөж авах аа л бодох ёстой. Энэ нь эрүүл мал хүлээж авах, авснаас эрүүл бойжуулах асуудал. Энэ их эрсдлийг хэрхэн давах вэ гэдэг төлөвлөгөө, шийдэл бидэнд алга. Малчид маань зээл авдаг, оронд нь малаа тавьдаг. Малын индексжүүлсэн даатгал гэж байна. Гэхдээ тэр нь албан ёсны ч юм шиг, сайн дурын ч юм шиг. Хуулийг нь уншихаар сайн дурын. Яг амьдрал дээрээ зөвхөн бод малыг л даатгаж байгаа юм. Бод малын хорогдол 6 хувиас дээш байвал тухайн сум нутагт байгаа малчдад нь даалтгалын нөхөн төлбөрийг олгоноо гээд заачихсан. Гэтэл зуд болоход том малыг бодвол хонь ямааны хорогдол их байдаг. Мөн чанартаа банк ч өөрийн эрсдэлээ хамгаалах эрхтэй, малчид ч өөрийн эрсдэлээ хамгаалуулах ёстой. Тиймээс дээрх даатгалын тухай хуулиа шинэчлэн найруулах ёстой гэж бодож байна.

Үүний дараа малчид төл авна, ядарна. Малчдынхаа эрүүл мэндийг бас бодох ёстой. Мөн үүнтэй зэрэгцээд сургуульд яваагүй гэртээ байгаа хүүхдүүдийг бид яах вэ гэж бодмоор байгаа юм. Олуулаа дээрх асуудлуудыг шийдье, хамтдаа шийдэл олъё" хэмээн уриаллаа.