А.Түмэнхишиг: “Булдруугийн эгч Дулдруу” гээд хүмүүс биччихсэн байхаар нь инээд хүрсэн

А.Түмэнхишиг: “Булдруугийн эгч Дулдруу” гээд хүмүүс биччихсэн байхаар нь инээд хүрсэн

Гурван настайдаа “Аархал” дууг тун гарамгай дуулж олон түмэндээ “Бяцхан Булдруу” хэмээн танигдсан А.Өсөх-Ирээдүй хүү өдгөө наймдугаар ангийн сурагч болсон. Сүүлийн үед урлагаасаа хөндийрөн нам гүмхэн байх болсон тэрээр Увс аймагтаа аав, ээждээ туслан малаа маллаж, спортоор хичээллэж байгаа сурагтай.

“Бяцхан Булдруу”-гийн  маань гэр бүлийнхэн, ах дүү хамаатан садан нь бүгд дуулах авьяастай хүмүүс байдаг талаар нутаг усныхан нь ярьдаг бөгөөд олонд танигдсан нэртэй дуучид ч хэд хэд төржээ. Түүний төрсөн ах нь өдгөө СУИС-д дуурийн дуулаачаар сурдаг бол эгч нь КУДС-ыг кино жүжигчин мэргэжлээр төгссөн урлагийн гэр бүлийнхэн ажээ. Сүүлийн үед цахим орчинд “Булдруугийн эгч Дулдруу” хэмээн танигдаад буй А.Түмэнхишгийг энэ удаагийн “Сошиал ID” буландаа урьж оролцууллаа.

ВИДЕО:

-Сайн байна уу, бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Үзэгчдэд маань өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу, isee.mn сайтын үзэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А.Түмэнхишиг гэдэг. Би Увс аймгийнх. КУДС-ийг Батхүүгийн Даваасүрэн багшийн удирдлаган дор жүжигчин мэргэжлээр төгссөн.  Манайх ам бүл зургуулаа.

-Танай нутгаар сар шинэ өргөн дэлгэр болж өнгөрөв үү?        

-Манай нутгаар сар шинэ өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Би өөрөө малчин айлын хүүхэд. Энэ жил цас ихтэй өвөл болсон болохоор аав, ээждээ мал маллахад нь тусалж байгаад ирсэн.

-Жүжигчин мэргэжилтэй юм байна? Сүүлд дуучин Агиймаагийн дууг дуулж буй бичлэг цахим орчинд их хандалт авсан  байсан?

-Тийм ээ, мэргэжил маань жүжигчин ч гэсэн дуулах сонирхолтой. Тиймээс өөрийнхөө чаддаг юмыг хүмүүст хуваалцаад нийгэмд жаахан ч гэсэн эерэг зүйлийг түгээх хүсэлтэй. Тэр бичлэгний хувьд хоёрдугаар дамжааны оюутан байхдаа вокаль гээд хичээлийн үеэр дуулсан бичлэг. Багш маань аяыг нэг сонсоод л гитар дээрээ дарж чаддаг. Тэр үедээ хоёулаа ямар ч бэлтгэлгүй шууд дуулсан бичлэгийг маань хүмүүс их үзсэн байсан.

-Танай дүүг монголын ард түмэн “бяцхан булдруу” хэмээн өхөөрддөг шүү дээ. Одоо хэддүгээр ангийн сурагч болсон бэ?

-Дүү маань одоо наймдугаар ангийн сурагч болсон. Надаас өндөр том залуу болчихсон байгаа. Сая сүүлд гарсан бичлэг доор хүмүүс намайг “Булдруугийн эгч Дулдруу” гээд биччихсэн байсныг хараад маш их инээд хүрсэн.

-Дүү нь одоо ямар мэргэжилтэй хүн болно гэж ярьдаг вэ, дуучин болно гэдэг үү?

-Дүү маань одоо яг шилжилтийн насан дээр явж байгаа болохоор ч тэр юм уу нэлээн дуугай даруухан болсон. Хоолой нь бас нэлээн бүдүүрсэн. Тийм учраас нэг их дуулахгүй байгаа. Спортоор түлхүү хичээллээд, ээж аавд маань туслаад л байж байгаа. Дуучин болно гэж нэг их ярьдаггүй. Одоохондоо яг шийдээгүй л байгаа юм шиг байгаа юм.

-Танай талд олон дуучин хүмүүс байдаг гэсэн. Аав, ээж нь хоёулаа дуулдаг хүмүүс байдаг уу?

-Аав маань их гоё дуулдаг. Машинд нь дандаа Адарсүрэн ,Түмэндэмбэрэл агсны дуунууд явдаг.Аавын маань талынхан их дуучин хүмүүс л дээ. Ардын дууч Бурмаа, Гансувд, Уранзаяа гээд хүмүүс ер нь мэддэг болчихсон байна лээ. Ер нь мэргэжлийн биш ч гэсэн бүгд шахуу дуулдаг хүмүүс. Манай талд найр хурим боллоо гэхэд дуучин урьж авчрах шаардлага байдаггүй. Хурим найран дээрээ мэргэжлийн дуучин ах эгч нараа ч дуулуулдаггүй өөрсдөө дуулна гээд микрофон олддоггүй.

-Ах дүү гурвуулаа нийлээд тоглолт хийсэн, тусдаа уран бүтээлтэй болно гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Тийм ээ, 2017, 2022 онуудад бид гурвуулаа хамтраад Увс аймагтаа тоглолтоо хийж байсан. Одоо бол бүгд тус тусын зүйлсээ хийгээд завсарласан байгаа. Уран бүтээлийн хувьд Увс аймгийн Цагаанхайрхан сумын эрхлэгч Амгалан эгч маань санал тавьсны дагуу яруу найрагч н.Цэрэнтогтох гуайн шүлэг “Нандин хэлхээ” гээд сайхан уран бүтээлтэй болсон. Цаашдаа ч бид гурав хамтарч олон сайхан уран бүтээлтэй болж, ирээдүйд “Эгч дүү гурван дуучин” нэрээр Улаанбаатар хотдоо тоглолтоо хийхийг мөрөөддөг.

-“Бяцхан Булдруу” маань хамгийн анх “Аархал” дууг дуулж олон нийтэд танигдсан шүү дээ. Тэр үедээ нэлээн жаахан байсан. Хэн дуулуулж бичлэг хийсэн юм бэ?

-2013 он гэдэг чинь Өсөхөө гурван настай байсан үе. Бид зундаа ах дүү нараараа зусдаг байсан. Дуучин н.Төрмандах бол манай хүргэн ах. Тэр үед хүргэн болоод ирж байсан санагдаж байна. Тэдний хадам аавынх нь хаяанд Өсөхөө “Аархал”-ыг дуулж байх үед нь Төрмандах ах сонсоод, дуудсан юм билээ. Ер нь Өсөхөө жаахан байхдаа өөр хүн “Аархал” дууг дуулахаар “битгий дуулаад бай, энэ чинь миний дуу” гэж хэлдэг их хэрсүү хүүхэд байсан л даа.

-Тэр бичлэг олон нийтэд цацагдсанаас хойш “Булдруу” маань нэлээн од болсон. Бүр дуучин Төрмандахтай хэд хэдэн тоглолтонд оролцсон шүү дээ?

-Өө цаадах чинь хэсэг “том хүн” явсан. Ийш, тийшээ тоглолтонд яваад л. “Миний алтан гутлыг бэлд, дээл малгай бэлд” гээд л.

-Одоо тэр үеийг нь ярихаар юу гэж хүлээж авдаг вэ?

-Одоо тэр үеийг нь ярихаар ичээд байдаг. Өсөхөөгийн дуулж байгаа дуу нь манай аавын утасны дуудлага дээр явдаг юм. Тэгээд явахаар “наадах аа багасгаач, яасан чанга хоолойтой юм” гээд байдаг.

-Манай сайтад ярилцлага өгөх гэж буй талаараа дүүтэйгээ ярьсан уу?

-Өчигдөр яг ярьсан. Тэгээд ярилцлага өгөх талаараа хэлтэл “надаас авах юм уу” гэж асууж байна лээ. \инээв\ Би “үгүй ээ, надаас” гэсэн чинь таниас уу л гээд инээгээд байсан. За та сандрав аа, сандрахаараа дөрвөд аялгаараа ярьдаг шүү гээд захиж байсан. Ер нь манай дүүгээс л яриа авна гэж холбогддогоос надаас авна гэж ярьдаггүй л дээ. Би чинь Өсөхөөгийн эгч мөртлөө дүү маань л намайг эрхлүүлээд байдаг, их уян зөөлөн талдаа. Хүмүүс ч гэсэн бид хоёрыг их адилхан гэж хэлдэг. Сая Увсаас ирээд таксинд суутал жолооч нь “чамайг хаана харлаа, чи Булдруугийн эгчтэй их адилхан юм байна” гэдэг юм. Тэгэхээр нь “ах аа адилхан байтугай бүр эгч нь байвал яах уу” гээд инээлдсэн.Би их азтай. Манай дүү чинь урлагийн мэргэжил сонгосон надад их тус дэм болж явдаг.

-Манай сайтын үзэгчдэд зориулаад өөрийн дуртай дуунаасаа нэг бадаг дуулж өгөөч?

-Би ер нь аавын хүүхэд л дээ. Хамгийн түрүүнд аавын тухай дуу санаанд орж байна.