PISA олон улсын шалгалтын үнэлгээгээр Монгол Улсын хоёр хүүхэд тутмын нэг нь хоцрогдолтой байна гэжээ

PISA олон улсын шалгалтын үнэлгээгээр Монгол Улсын хоёр хүүхэд тутмын нэг нь хоцрогдолтой байна гэжээ

PISA олон улсын сурах чадварын шалгалтын дүнг Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас зарласан юм. Шалгалтыг 2022 онд авсан бөгөөд монголын 15 настай 7276 хүүхэд хамрагджээ.

Шалгалтыг математик, унших, байгалийн ухаан гэсэн гурван чиглэлийн хичээлээр авч, дүнг танилцуулахад Монгол Улс математикийн хичээлийн үнэлгээнд оролцсон 81 орноос 425 оноо авч, 47 дугаар байрт жагссан нь OECD орнуудаас 2,5 жилийн хоцрогдолтой гэж гарчээ. "Монгол тэмүүлэл", "11 дүгээр сургууль", "Эрдмийн өргөө" сургуулиудаас дэлхийн түвшинд хүүхдүүд үнэлэгдсэн аж.

Унших чадварын үнэлгээ хамгийн муу гарсан байна. Ойлгох, эссе бичих, өөрийгөө илэрхийлэх зэрэг чадваруудыг энэ шалгалтаар дүгнэдэг. Энэ чадвар 81 орноос 65 дугаар байранд орлоо. Олон улсын үзүүлэлтээс таван жилийн хоцрогдолтой, азийн хүүхдүүдээс 2,5 жилийн хоцрогдолтой гэсэн үр дүн гарчээ. "Монгол тэмүүлэл", "Эрдмийн өргөө" зэрэг сургуулиудаас дэлхийн түвшний хүүхдүүд мөн гарчээ.

Манай улсын хувьд доод түвшний эзлэх хувь 51 хувьтай байсан бөгөөд хоёр хүүхэд тутмын нэг нь хоцрогдолтой байгаа гэжээ. Харин 160 хүүхэд дэлхийн дээд хэмжээнээс давсан үнэлгээ авсан байна.

Шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээлэл хийх тайлбарлах ур чадвар OECD орнуудаас гурван жилийн хоцрогдолтой гэж гарсан бөгөөд 81 орноос 53-т орлоо. "Монгол тэмүүлэл", "Шинэ Монгол" сургуулиудаас дэлхийн хэмжээний үзүүлэлтийг сурагчид үзүүлжээ.

Манай улсын хувьд доод түвшний эзлэх хувь 51 хувьтай байсан бөгөөд хоёр хүүхэд тутмын нэг нь хоцрогдолтой байгааг илэрхийлж байна. Харин 160 хүүхэд дэлхийн дээд хэмжээнээс давсан үнэлгээ авчээ. Төрийн сургуулиудын гүйцэтгэл хувийн сургуулийн гүйцэтгэлээс хол зөрүүтэй гараагүй байна. Мөн унших чадварын хувьд төрийн сургуулийн хүүхдүүд илүү амжилт үзүүлжээ.