С.Ган-Од: Гамшигт ажиллаж байсан туршлагаараа төсөл санаачилж, Монгол гэрийг сургууль, танхим болгон тохижуулаад Турк руу явуулж байна /ВИДЕО/

С.Ган-Од: Гамшигт ажиллаж байсан туршлагаараа төсөл санаачилж, Монгол гэрийг сургууль, танхим болгон тохижуулаад Турк руу явуулж байна /ВИДЕО/

Турк Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 50 мянгыг давж, хоёр сая гаруй иргэд орох оронгүй болж хаана хоноглох нь тодорхойгүй өдөр хоногийг өнгөрөөж буй. Хоёрдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн энэхүү газар хөдлөлтийг ДЭМБ-аас сүүлийн 100 жилд бүс нутагт тохиогоогүй томоохон гамшиг хэмээж, олон улсаас Турк, Сирийг чиглэсэн тусламжийн цуваа хөвөрсөөр байгаа билээ.

Гамшгийн улмаас Турк улсад 1.9 сая гаруй хүн түр хамгаалах байранд байрлаж,  2.5 сая хүүхдэд яаралтай хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа. Харин Сирид газар хөдлөлтийн улмаас 500,000 гаруй хүн гудамжинд гарч Сири даяар 3.7 сая  хүн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн. Улмаар Монгол Улсаас 35 хүний бүрэлдэхүүнтэй Онцгой байдлын аврах баг газар хөдлөлтийн голомтод ажиллаж найман хүнийг нурангиас эсэн мэнд гаргаж, амь насыг нь аврах хамгаалсан. Мөн Монгол Улсын Засгийн газар БНТУ руу 5 тонн махан нөөш, 1 тонн лаа, 1,000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээсэн билээ. Харин Сири улс руу 5 тонн махан нөөш, 1 тонн лаа, 500 ширхэг хөнжлийг илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн шугамаар илгээсэн юм. 

Тэгвэл газар хөдлөлтөд өртсөн хотуудын нөхцөл байдал одоог хүртэл сайжраагүй Турк улсын гамшигт өртсөн хотуудын иргэд түр хоргодох байр буюу майханд байрласан хэвээр байна. Иймд Архитектор инженер мэргэжилтэй монгол залуу С.Ган-Од гамшигт өрсөн иргэдэд Монгол гэрээр туслах санаачилга гаргаж өнгөрсөн гуравдугаар сард Турк Улсын газар хөдлөлтөд өртсөн Хатая хотыг зорьжээ. Улмаар нөхцөл байдалтай танилцаж Япон улсын сайн дурын иргэдтэй хамтран Монгол гэрийг шинэчлэн сургууль, танхим, хувийн өрөө байдлаар шинэчлэн засварлаж, эхний 10 гэрээ туршилтаар Турк рүү илгээгээд байна. Түүний энэхүү төслийг Японы NHK телевиз болон Асахи сонин онцолжээ. Иймд түүнтэй тус төслийн талаар ярилцлаа.

ВИДЕО: 

-Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Би Архитектор дэд бүтцийн инженер мэргэжилтэй Япон Улсад суралцаж төгссөн. Намайг Сэр-Одын Ган-Од гэдэг.

-Тусламжийн гэр явуулах төслөө хэзээ, хэрхэн санаачлав?

-Гамшиг болсон газарт Исламын шашинтай эмэгтэйчүүд үсээ гаргаж болдохгүй, хүүхдээ хөхүүлж болохгүй гэхчлэн эмэгтэй хүнд хувийн орон зай хэрэгтэй байгаа гэж таамаглаж байсан. Яагаад таамаглаж байсан бэ гэвэл би өмнө нь Япон Улсад 2011 онд болсон 9 баллын газар хөдлөлтийн дараах гамшгийн  үед ажиллаж байсан. Тэр үед бас яг тиймэрхүү нөхцөл байдал анзаарагдаж байсан. Хоргодох байранд олуулаа амьдрахаар эмэгтэйчүүдэд хувийн орон зай хэрэгтэй болдог. Мөн хичээл хийх хэрэгтэй ч анги танхим байхгүй болсон байгаа. Нойл, усанд орох, эмэгтэйчүүдийн хувцас солих, хүүхэд хөхүүлэх өрөө тойрч хуралдах гэхчлэн бүгд майханд байгаа учир нийтийн хуралдаан  хийх танхим, хоолны газар хэрэгтэй байгаа байх гэж бодсон.

2011 оны гурван сард болсон Японы газар хөдлөлтийн гамшигт 20 мянган хүн нас барсан. Харин Турк улсад өнгөрсөн хоёрдугаар сард болсон газар хөдлөлтөөр 50 мянган хүн нас барж, гудамжинд 1.5-2 сая хүн түр хорогдох байранд буюу майханд амьдарч байгаа. Хавар бол маш хүйтэн байсан. Одоо буцаад халуун болсон байгаа.

Ийм олон шалтгаан нөхцөлийг бодож энэ хүмүүст бид Монгол гэрээр тусалж болох юм байна гэсэн санаа гаргаж төсөл болгосон. Ер нь гамшиг болсны дараа эхлээд хоргодох байранд орно. Дараа нь түр орон сууц гээд том гамшиг болсноос хойш хүмүүс энгийн амьдралд буцаад шилжтэл 3-5 жилийн урт цаг хугацааг туулдаг. Тэнд эрүүл ахуйн асуудал, хүнсний асуудал мөнгө, хичээл ном гээд бүх зүйл орхигдож байгаа. Гол нь хүүхдүүдэд маш их санаа зовсон зүйл нь цар тахал гээд гурван жил хичээл нь тасалдаад арай гэж буцаад танхимын хичээлдээ орж байхад дахиад хичээллэх анги, танхимгүй болж боловсрол нь хаягдаж байгаа юм. Гэхдээ энэ удаа цар тахлаас ч хүнд байдалд орсон. Яагаад гэвэл тэнд интернэт ч байхгүй шүү дээ. Бүх юмнаас тасарсан гэсэн үг.

-Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд судалгаа хийх зорилгоор гамшгийн голомтод очиж танилцсан гэсэн?

-Хэрэгцээг нь мэдэхийн тулд мэдээж очно шүү дээ. Тэгээд судалгаагаар очсон. Яг юу хэрэгтэй байгааг асуусан. Бидний төсөөлснөөр сургууль хэрэгтэй байсан. Нойл, усанд орох газар бол бид учрыг нь олж байна гэсэн. Эмэгтэйчүүдийн хувийн орон зай хэрэгтэй байна. Шашны хориг заалтын улмаас үсээ гаргаж болохгүй эмэгтэйчүүд угааж, чадахгүй сайн дурын үсчин ирэхэд засуулж чадахгүй гэхчлэн хувийн орон зайгүйн улмаас хувцсаа ч сольж чадахгүй хүнд нөхцөлд байгаа гэсэн. Тиймээс Монгол гэрийг яг тэнд байгаа хүмүүсийн хэрэгцээнд тохируулж янзалсан.

-Монгол гэрийг яаж засварлав. Нэлээд өөрчлөлт орсон харагдсан?

-Ханыг нь өндөрлөж орон зайг нь том болгосон. Мөн хил гаалиар нэвтрэх стандарт будгаар нь будаж,  шалыг нь өөрчилсөн. Мөн норж илжрэхгүй байх үүднээс ханын үдийг бас өөрчилж, усны хаялгатай тоон хийж, гэрийн гадуур цагаан бүрээсийг шинэчлэн сайжруулж өндөр чанарыг үнэтэй усны хамгаалалттай материалаар хийх гэх мэтчилэн өөрчлөлт оруулж тохижилт тавилгатайн өгөхөөр эхний ээлжид 10 гэр явуулсан. Ачаа маань Монголоос гараад гурван мянга гаруй км явж байгаа.

-Нийт хэдэн гэр явуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Бид нийт 100 гэр явуулъя гэж төлөвлөсөн. Энэ ажилд маш том хөрөнгө оруулалт шаардагдах юм байна лээ. Монгол гэрийг өөрчлөөд ирэхээр зах зээлээс гэр худалдан авдаг үнэ нь 2,3 дахин нэмэгдэж байсан. Тиймээс эхний 10 гэрийн ашиглалт, хэрэгцээг харж байгаад дараа дараагийн шатууд явагдана. Гол нь бид өгөхдөө биш тэнд хэрэгцээ байна уу гэдэг нь чухал байгаа юм.

-Монгол Улсын Засгийн газраас мөн 20 Монгол гэр Турк руу явуулсан. Мэдээж шинэчлэл хийгдээгүй. Тэгэхээр тус гэрүүдийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Судалгаагаар очиж үзэхэд Монгол гэр шалгүй, бороо дуссан нөхцөл байдалтай байсан. Мөн бороо дуссанаас нь болж хүмүүс гэрийнхээ дээгүүр гялгар уутаар бүтээсний улмаас эсгий нь өмхийрсөн. Үнэр орсон гэхчлэн маш таагүй нөхцөлтэй байсан. Тиймээс тэр алдаануудыг нь давтахгүй засаж янзалж аваачиж өгөх гээд өөрчилсөн байгаа. Гэхдээ мэдээж Монгол гэрт давуу талууд бас байсан. Тухайлбал эвхэж хураагаад ачиж явж болдог. Эсгий ордог учраас өвөл дулаахан зун сэрүүхэн. Мөн одоо байгаа түр орон сууцууд нэг машин дээр хоёр л багтаж байгаа юм. Харин Монгол гэрийг нэг машин дээр 14,15-аар нь багтааж болдог гэхчлэн олон давуу талтай. Тиймээс Монгол гэрийн давуу талыг гамшигт бид яаж ашиглаж болохыг бас харуулахаар хийж байгаа.

-Таны одоогоор явуулаад буй 10 гэр ямар чиглэлээр хэрэглэгдэх вэ?

-Энэ 10 гэрийн маань тав нь сургууль, нэг гэрт 10-15 хүүхэд хичээллэх юм. Уг нь зургаан сургууль явуулах гэж байсан ч санхүүгийн асуудал гарсан.

-Санаагаа төсөл болгоход санхүүжүүлэлт хэрэгтэй. Хаанаас дэмжлэг үзүүлсэн бэ?

-Энэ санаагаа би хэдэн монгол найзууддаа хэлж үзсэн. Нэг их ноцтой хүлээж аваагүй. Тиймээс миний санааг дэмжиж хүлээж авах хүн хэн байна гэж бодож байгаад Япон найзууд руугаа ярьсан. Тэгээд бид сансрын судалгаагаар хамт ажиллаж байсан. Их сургуулийн Акияама гэж профессорт хэлсэн. Тэр хүн шууд хүлээж аваад тэр оройн нь миний ярьсан санааг цаасан дээр буулгаад иймэрхүү юм уу гэж надаас асуусан. Тэгээд бид их сургуулийн судалгааны ажлаас мөнгө босгоход эхний долоо хоногт 30 орчим ам.доллар боссон. Япончууд өөрсдөө гамшиг их үзсэн учраас гамшигтай холбоотой зүйл дээр маш мэдрэг байсан. Мөн Монгол гэрийг аваачна гэдэг санаа нь өөрөө их зөв санагдсан юм шиг байгаа юм. Тиймээс энэ төсөл дэмжлэг аваад хийж эхэлсэн.

-Нүдээр харсан хүний хувьд газар хөдлөлтийн гамшгийн дараах нөхцөл байдал?

-Би Турк руу гуравдугаар сард явсан. Нөхцөл байдал сайжраагүй байсан. Одоо ч гэсэн би мэдээ харж байгаа. Нөхцөл байдал сайжраагүй хэвээрээ байгаа. Тухайн үед Турк улсад сонгууль болж байсан учир бужигнуулаад босгож ирнэ гэж яригдаж байсан. Яг үнэндээ сонгууль болоод дууссан. Нөхцөл байдал хэвэндээ л байгаа. Үнэндээ 10 гэр барья гэхэд газар байхгүй гэх хэмжээний хүнд нөхцөлд байгаа. Хоргодох байрнууд нь зай завсаргүй болтлоо майхан тавигдсан байна гэсэн үг.

Улаанбаатар хотын бүх иргэд гудамжинд гараад майхан байгаатай л адилхан. Эхний нэг хоёр хоног бол хүүхдүүдэд хөгжилтэй. Гэхдээ 2,3 долоо хоног амьдраад ирэхээр зун халуун бороотой үедээ хүйтэн гэхчлэн хэцүү. Тэнд байгаа хүүхдүүдийн нөхцөл байдал хүнд л дээ. Өмссөн хувцастайгаа гараад ирсэн. Ажил, сургууль, машин, гэр орон бүх зүйл нь нэг өглөө нуранги болчихсон. Яг очоод нөхцөл байдлыг харахад төсөөлснөөс ч хүнд байсан.

Зөөврийн устай байгаа. Ус нь халуунд маш амархан муудна. Халуун болоод ялаа батгана гарч ирээд бохир эрүүл ахуйн асуудлууд хүнд байгаа. Үнэхээр мөнгөний боломж байдаг бол маш олон зүйл хийж өгмөөр байна.

Хамгийн хүнд зүйл нь хоргодох байрыг авч явах ямар ч гамшгийн менежмент гэдэг зүйл байгаагүй. Тиймээс хэн нь юуг хийх үү гэхчлэн асуудал байсан. Тиймээс энэ удаагийн тусламжаа хүлээлгэж өгөхдөө хамгийн өндөр туршлагатай японы хоргодох байрны менежмент гэдэг зүйлийг Турк хэл рүү орчуулж байгаа. Мөн сайн дурынхныг хүлээн авах зааварчилгаа гэдэг юм орчуулж байгаа. Цаашид дэлхийн өнцөг булан бүрд хаана ч гамшиг болсон энэ хоёр зааварчилгааг татаж аваад өөрийн хэл дээр үздэг болох боломжтой болгох гээд төслийнхөө ажилд багтаагаад явж байгаа. Энэ нь монгол хэл дээр хийгдсэний дараа бидэнд бас маш их хэрэгтэй.

Хэн нэгэн гомдоод байж болохгүй байгаль учраас хэн нэгэн энэ зүйлээр улс төр хийж болохгүй байгальтай харьцаж байгаа учраас тиймээс гамшгийн үед өөрийгөө яаж авч вэ гэдэг зааварчилгааг орчуулж байгаа л гэсэн үг.

-Эхний ээлжид 10 гэр явж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр ерөнхий төлөвлөгөөнд багтсан үлдсэн 90 гэрийн ажил яаж явагдах вэ. Хэрэгцээгээ очиж шалгаад шат дараалалтай явуулна гэсэн үг үү?

-Одоо ямартай ч эхний 10 гэр очих үед би эндээс явж очоод гэрүүдийг нь бариад “заа ингээд цааш нь авч яваарай” гээд хүлээлгэж өгнө. Тэгээд хүмүүст юун таалагдаж байна. Юун таалагдахгүй байна гэдгийг нь харна. Хамгийн чухал нь бид өгөх гээд байгаа нь сонин биш нөгөө талд хэрэгцээ байна уу гэдэг нь чухал. Хэрэглэж үзээд хүмүүс хэрэгтэй байна. Монгол гэрт давуу тал байна гэж үзвэл бид дараагийн шатандаа орно. Гэхдээ мэдээж санхүүгийн бас асуудал гарна.

Гэхдээ хамгийн чухал нь зовох цагт нэгэндээ туслах хэрэгтэй шүү дээ. Бид ийм хүнд үед нь Монгол гэрээр туслаж өгснөөр алсдаа найрамдалт харилцаа үүсэж, Туркчүүд бидний соёлыг сонирходог. Бидний соёлыг үнэлдэг Монголд хайртай хүмүүс гарч ирэх байх. Автоматаар гэх юм уу даа.

Үүний хамгийн том жишээг дурдвал, төслөө санаачлаад Япон руу холбогдоход шууд хүлээж авсан нь Турк, Японы найрамдалт харилцаанаас болсон юм байна лээ. Одоогоос 100 гаруй жилийн өмнө японы эрэгт осолдсон Туркийн 600 гаруй хүнтэй хөлөг онгоцны ослоос Вакаяамагын иргэд шөнө далай руу орж тусламж үзүүлснээр 60,70 хүнийг аварсан байдаг. Улмаар хүмүүсийг нь эмчилж эдгээгээд Японы эзэн хаан Истанбул хотод хүргэж өгч байсан. Харин үүний хариуд Турк Улс Иран, Иракийн дайны үед бөмбөгдөлтөд өртөх гэж байсан японы иргэдийг онгоцоор татаж авсан байдаг. Эл явдал кино болсон. Ийм найрамдалт харилцаатай улсууд байсан учир миний төсөлд тусалж байгаа. Эндээс харахад гамшигтай зовлонтой үедээ бие биедээ тус болох нь сүүлд нь улс төрийн бус иргэдийн хооронд маш том хүндлэл үүсгэдэг юм байна. Нөгөө талаар найрамдалт харилцаа соёлын харилцаа үүсдэг юм байна гэдгийг төсөл эхлүүлээд эл түүхийг сонсоод мэдсэн.

Мөн энэ удаагийн тусламжийн ачаанд “Ид шидийн орон”-оос хандивласан 27 хайрцаг хувцсыг мөн аваад явж байгаа. Хил гаалийн асуудалд ГХЯ туслалцаа үзүүлсэн.

Ер нь энэ төсөлд ганц япон иргэд туслаагүй. Миний найз нөхөд хувийн зүгээр найзыгаа дэмжинэ гэсэн үүднээс миний дансанд мөнгө хийсэн. Олон орны хүмүүсийн л туслалцаа явж байгаа. Бас Туркэд суралцаж байгаа Монгол оюутнууд бас гэр барилцаж өгөх байх. Олон  хүний тусламж, дэмжлэгээр босож байгаа төсөл.

-Төсөлд туслахыг хүссэн Монгол хүмүүс байгаа байх. Хэрхэн хамрагдах вэ?

-Манай найз анх төсөл эхэлж байхад нэг пост бичиж үзсэн. Тухайн үед сэтгэгдэл хэсэгт хүмүүс “Юун Туркийн хүүхдүүд өөрийнхөө орны хүүхдүүдийг яая гэж байж” гэсэн байсан. Тэгээд постоо устгасан. Тэр нь надад маш сонин санагдсан. Бид Японы томоохон тусламжийн байгууллагад хүсэлт өгсөн. Заавал тэнд шалгарч байж хандив цуглуулах эрхтэй болдог. Тэгээд манай төсөл шалгараад хандив өргөх албан ёсны сайт нээж өгсөн. Харин Монгол талд бол миний Хасбанкны данс байгаа. Хасбанк байдгийн учир нь 1000 төгрөг байсан ч гүйгээ утга нь харагддаг болохоор дараа нь нэгдсэн байдлаар тайлан тавихад хэрэгтэй юм байна лээ. Сонирхож байгаа хүмүүс байвал тийшээ хандив өргөж болно. Зарцуулалтын тайлан тавихдаа хүмүүст баярласан талархсанаа нэгдсэн байдлаар илэрхийлье гэж бодож байгаа.

ФОТО: