Б.Очирваань: "Монголоос Англи руу дугуйгаар яваа" гэхэд Хятадын хилийн байцаагчид эрхий хуруугаа гараад асуудалгүй гаргасан /ВИДЕО/

Б.Очирваань: "Монголоос Англи руу дугуйгаар яваа" гэхэд Хятадын хилийн байцаагчид эрхий хуруугаа гараад асуудалгүй гаргасан /ВИДЕО/

Эртний түүхэнд Монголчууд Евро азийг мориор туулж, дэлхийн талыг эзэлсэн эрэлхэг үйл хэрэг яах аргаггүй зуун дамжин яригдаж, цагаан дээр хараар бичигдсэн билээ. Тэгвэл эл үндэстний үргэлжлэл болсон мөрөөдөл зоригоо зүрхэндээ тээсэн монгол залуу Европыг чиглэн төв Азийг дугуйгаар туулж явна.

Харахад, сонсоход хөнгөн санагдах ч зэрлэг байгальд дугуйнаас өөр хань үгүй харанхуй хүйтэн шөнүүдийг давж зорилгодоо тэмүүлж буй эр зоригийг өнөө цагт хэн бүхэн гаргаж чадахгүй нь лавтай. Түүнийг Б.Очирваань гэдэг. Өдгөө 26 настай тэрээр уг аяллаа хоёр жил төлөвлөж тавдугаар сарын 5-ы өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн юм. Улмаар өчигдөр БНХАУ-ын хилийн зурвасыг амжилттай давж, Казахстан орох замдаа явна. Иймд бид түүнтэй 10 минут амрах зуурт ярилцав.

ВИДЕО: 

Тэрбээр дугуйн хурдаар байгалийн сайхныг харж, өөрийгөө таньж явах нь үгээр хэлшгүй сайхан мэдрэмж төрүүлж буйг дурдаад. 10 жил спортоор хичээллэсэн тул биеийн ядралтгүй сэтгэл зүй сайн байгаа. Надад энэ аялал нэг талаар хийх ёстой зүйл, нөгөө талаар зүгээр л өдөр тутам хийдэг ажил шиг санагдаж байна гэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Аян замдаа сайн явж байна уу. Юуны түрүүнд та манай үзэгч болон сонсогчдод өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Батболдын Очирваань гэдэг.

-Улаанбаатар хотоос хэзээ хөдлөв. Одоо хаана явж байгаа вэ?

-Би тавдугаар сарын 5-нд Улаанбаатар хотоос Английн Манчестер хот хүртэлх дугуйтай аяллаа эхлүүлсэн. Өнөөдөр 27 дахь өдрөө явж байна. Яг одоо Хятадын газар нутагт орж ирээд 30 км явж байна.

-Аяллын явцад Монголын цаг агаар нэлээд хүнд байх шиг байлаа.

-Тэгсэн шүү. Монголын газар нутагт жилийн дөрвөн улирал үзсэн. Цастай, бороотой, цасан шуургатай, шороотой байнгын салхитай байсан. Ер нь аяллын явцад салхийг байнгын сөрж явсан. Дулаахан өдөр маш ховор байсан. Өглөө гараад дулаахан явж байтал өдөр нь цасаар шуурах гэх мэт цаг агаарын хүнд нөхцөлд хэд хэдэн удаа орсон. Гэхдээ тэр болгон нь миний хувьд бэлтгэл болсон гэж бодож байна.

-Хоол хүнсний тухайд?

-Би өөрөө борц авч гарсан. Мөн “Талын Монгол”-ын борцтой гурилтай шөл, гурвалжин будаатай шөл, цагаан будаатай шөл гэсэн гурван хоол авч явсан. Энэ хүртэлх замд хээр хонохдоо тэдгээр “Талын Монгол”-ын хоолнуудаа ашигласан. Бусад үед айлд болон цайны газар хооллосон болохоор хоол хүнсний асуудал дээр ямар нэг асуудал гараагүй. Харин зам зуурын ус, амттануудаа байнгын сэлбэж явсан. Яагаад гэвэл зам зуурт байнга идэж байгаа болохоор сэлбэж байсан. Өдөрт 10 км яваад нэг амрахдаа жижиг амттан идэж уудаг болохоор тэдгээр зүйлсээ байнгын нөхөж явсан.

-Бэлтгэлээ сайн базаасан байсан. Гэхдээ яг бодит байдал ямар байна?

-Бэлтгэлээ маш сайн базаасан. Энэ маань бодит байдал дээр ямар байх бол гэсэн санаа зовнил байсан. Тэгээд яг аялаад явахад ямар нэг асуудал гараагүй. Би бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Дээрээс нь жилийн дөрвөн улиралтай. Эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд майхан, мишок, газ гэхчлэн ахуйн зүйл маш чухал байсан. Хүйтэнд даарч ирээд гялс хоол хийгээд дулаан мишокнд унтах надад маш их хэрэгтэй зүйлс байсан. Эдгээр аялалд хэрэг болох зүйлсийг маань "Turbo tent" ивээн тэтгэсэн. Энэ бүх зүйлс маш их хэрэг болж байгаа. "Turbo tent"-ын хамт олонд маш их баярлалаа.

Мөн уг аяллыг хийхийн тулд өмнө нь аялалд явж байсан дугуйтай аялагчдаас зөвлөгөө авсан. Тэр бүх хүмүүст маш их баярлалаа. Маш их хэрэг болдог юм байна. Өөрийн судалж мэдсэн бүх зүйлсийг бүгдийг нь нэгтгэж гаргасан бэлтгэл маань өөртөө А үнэлгээ тавихаар маш сайн болсон байна гэж дүгнэж байгаа. Замдаа нэг Итали, нэг Бразил аялагчтай таарсан. Тэд миний ачаа бэлтгэлийг хараад дуу алдаж байсан. Тиймээс бэлтгэлдээ маш их сэтгэл хангалуун байгаа.

-Замд таарч буй хүмүүс хэрхэн хүлээж авав?

-Хүмүүс маш гоё хүлээж авч байсан. Замд өөдөөс явж байгаа машинууд гэрлээрэй дохиод гар даллаж байсан. Ер нь зөрж байгаа машинууд ус ундаа ямар нэг зүйлс яг ядарч байхад өгөх. Тэдгээр зүйлс маш их дэм болж байсан. Тэр болгонд урамшиж одоо энд ирсэн байгаадаа баятай байна. Замд таарсан бүх хүмүүстэй маш их баярлалаа.

-Өчигдөр Хятадын хилийг давлаа. Дугуйтай хил гарах явцад асуудал гарсан уу?

-Хятадын хил гарахад бага зэрэг хүндрэлтэй асуудлууд гарсан. Би өчигдөр Ховдын Булган сумаас өглөө 9:30-ас гараад өдөр 13:30-д ирсэн. Яг дугуйтайгаа хил гарна гэж бодож байсан боловч болоогүй. Манай хилийн байцаагчид Хятадын талаас асуусан хариу ирвэл та дугуйтайгаа нэвтэрч болно гэсэн. Тэгээд тэрийг хүлээгээд гурван цаг болсон. Ер нь хариу ирэхгүй удсан учраас автобусанд сууж дугуйгаа ачуулаад хилээр нэвтэрсэн.

Хил дээр ачаа бараагаа хэд хэдэн удаа шалгуулсан. Мөн хятадын хилийн байцаагч нар “хаашаа ямар зорилгоор явж байгаа. Хятадын хаагуур явах вэ” зэрэг асуултууд асууж байсан. Гэхдээ бүх зүйл хэвийн. Бүх зүйлээ авч гарч чадсан. Миний ачаанаас нэг ч зүйл авч үлдээгүй. Хилийн байцаагч нар дугуйтай аялж байгаа гэхэд бүгд л эрхий хуруугаа гозойлгож байсан нь надад гоё санагдсан.

-Одоогийн байршлаас цааш явах замын маршрут? 

-Одоо Хятадын Өрөмч хотоор дайраад Хоргос орно. Казахстаны хил тэгээд Казахстан хилээр Узбекстан, Түркестан, Иран, Турк гээд Европ руу орно. Турк хүртэл одоо 7900 км явах ёстой.

-Зорьсон газраа хэзээ очно гэж төлөвлөж байгаа вэ?

-Зорьсон газраа ирэх арванхоёрдугаар сард очно гэсэн төлөвлөгөөтэй байна. Одоогоор зам сайхан өгсүүр, уруу байхгүй. Миний явдал жигдрээд ирсэн болохоор гайгүй байх гэж бодож байна.

-Хол зам дугуйтай туулж байгаа хүний хувьд мэдээж биеийн ядралт их байгаа байх?

-Биеийн байдал маш сайн байгаа. Замдаа нэг их ядарч зүдрээд байх зүйл байгаагүй. Сэтгэлээр унах зүйл гараагүй. Яг л энэ зүйлийг хийх ёстой юм шиг, өдөр тутмын хийдэг зүйлсээ хийж байгаа юм шиг санагдаж байгаа. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн зүгээр байгаа. Бие бялдрын хувьд ядралт багатай сайн байгаа нь 10 жил спортоор хичээллэсний ач тус гарч байна гэж харж байгаа.

-Өдөр хамгийн ихдээ хэдэн км, хамгийн бага даа хэдэн км явж байна?

-Өдөрт хамгийн ихдээ 130 км зам туулсан. Харин хамгийн багадаа буюу салхи шуургатай өгсүүр хэцүү байх үед ихэвчлэн 80 км заримдаа 60-80 км зам туулж байна. Тэгэхээр одоог хүртэл дажгүй байна.

-Энэ хүртэл аялсан сэтгэгдлээ хуваалцаж, уриалга, зөвлөгөө хэлбэл?

-Хүмүүст нэг зүйлийг хэлэхийг маш их хүсэж байна. Эх орноороо сайхан аялаарай. Бид эх орноороо аялан гэхээр ихэвчлэн гол, ус, нуур барааддаг. Ингэхдээ дандаа машинтай явдаг. Тэгээд зорьсон газартаа хүрээд амрах нэрээр согтууруулах ундаа хэрэглэх ч юм уу. Маш их ядарч амардаг. Яг ийм байдалтай биш дугуйг аялалдаа оруулж ирээд машиндаа ачаад заавал хол гэхгүй 10,20 км газарт дугуйн хурдаар байгаль орчноо мэдрээд үзвэл үнэхээр гайхалтай байх болно. Ингэснээр маш гоё дурсамж, мэдрэмжтэй үлдэнэ.

Бүх хүмүүстэй хандаж хэлэхэд дугуйн хэрэглээг дэлгэрүүлье. Манай хот түгжрэл ихтэй. Маш их машинтай. Тиймээс дугуйн хэрэглээг дэлгэрүүлж, аялалдаа ч дугуйтай явж сайхан зүйлсийг мэдрээрэй гэж хүсье.

Оюутан залуус маань бас амралтаараа 200,300 км замд аялаад үзвэл өөрт тань маш гоё мэдрэмж, өөрийгөө танихад нь тусламж болно гэж найдаж байна. Тиймээс энэ зунаас дугуйг хэрэглэж эхлээрэй. Би аль болох та бүхэнд дугуйг ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжийг төрүүлтэл олон улсаар аялж, сайхан зүйлс үзүүлэх болно.

-Өдөр бүр хаана явааг нь харж санаа тавьж хамт аялж байгаа хүмүүстэй хандаж юу гэж хэлэх вэ?

-Энэ бүх аяллын хугацаанд миний пейжийг дагаж, хамт аялж байгаа хүмүүстэй маш их баярлалаа. Удахгүй бүр олон гоё газар үзүүлж сайхан мэдээ дуулгана. Тийм болохоор миний аялалтай хамт байгаарай. Та бүхэндээ маш гоё зүйлсийг үзүүлэхийг хичээх болно. Маш их баярлалаа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.

ФОТО: 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө