Б.Сарнай: Надад хамгийн зохимжгүй хувцсыг хуваарилж, зориудаар тэмцээний үнэлгээнд нөлөөлж байсан ч амжилттай оролцож хоёр төрөлд тэргүүлсэн

Б.Сарнай: Надад хамгийн зохимжгүй хувцсыг хуваарилж, зориудаар тэмцээний үнэлгээнд нөлөөлж байсан ч амжилттай оролцож хоёр төрөлд тэргүүлсэн

Вьетнам улсад зохион байгуулагдсан "Miss Fitness SuperModel World" тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Б.Сарнай оролцсон юм. Тэрбээр анхандаа  өөр тэмцээнийг зорьж байсан хэдий ч боломжгүй болсноор зориг гарган энэхүү тэмцээнд оролцож "Best National Costume" болон "Miss Media" гэсэн хоёр төрөлд ялагчаар тодорчээ.

Түүний бикини модель болон фашион шоуны үеэрх зургууд сошиал орчинд багагүй шуугиан тарьж, олны анхаарлыг татсанаар тэмцээний үр дүнг тэсэн ядан хүлээж буй иргэд олон байсан. Тэгвэл тэмцээний хариу энэ сарын 21-нд гарч, тэрбээр хоёр төрөлд ялалт байгуулан чамгүй амжилт үзүүлсэн юм.

Тэгвэл бид энэ удаад мисс Б.Сарнайтай оролцсон тэмцээнийх нь талаар болон түүний тухай олон зүйлийг ярилцлаа.

ВИДЕО:

-ЭМЭГТЭЙ ХҮН БҮР ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ-

Тэрбээр энгийн нэг эмзэг, туяхан эмэгтэй мэт боловч эр зориг, гоо үзэсгэлэнг нэгэн биед цогцлоон ертөнцийг өөрийн өнгө төрхөөр гийгүүлж, өдөр бүр хичээнгүйлэн амьдарч, өнөөдрийн өөрийгөө бүтээсэн нэгэн аж. "Амьдрал олон өнгөтэй. Хүн бүр дахин давтагдашгүй. Эмэгтэй хүн ч өөрийн гэсэн дотоод болон гадаад гоо үзэсгэлэнтэй. Үргэлж өөртөө урам зориг өгч, хичээж амьдарснаар хэзээ нэгэн цагт амьдрал чамайг шагнаж, шаргуу ажилсаны чинь шагнал бороо мэт асгарах болно" хэмээн түүний хэлсэн үг сэтгэлд хоногшин үлджээ. Энэ удаагийн миссийн тэмцээнээс үүдэн түүнд хүнд хэцүү олон зүйл тохиолдсон ч амьдралд нь тодоос тод гэрэлтэх чухал мөч байсан гэлээ. Түүнийг шүүмжлэх, буруутгах хүн олон байсан ч сөрөг гэхээсээ илүү эерэг, шүүмжлэх гэхээсээ илүү дэмжсэн иргэд байсан нь тэмцээнээ амжилттай дуусгах маш том итгэл найдвар, түлхэц болсон хэмээн нэмж хэлсэн юм.

Тэрбээр анх "Miss Freedom of the World" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж, бэлтгэл хийсэн аж. Гэтэл түүний виз нь Орос улсын миссийн визтэй хамт байсан тул тэмцээн болох улс нь зөвшөөрөл олгоогүйн улмаас виз нь гараагүй байна. Ингээд хамгийн ойр болох, оролцох боломжтой тэмцээнийг хайж байгаад "Miss Fitness SuperModel World" тэмцээнийг сонгон оролцохоор болжээ.

-ТЭМЦЭЭНИЙ БАГИЙНХАН ТҮҮНД ЗОРИУДААР ХАМГИЙН ЗОХИМЖГҮЙ
ХУВЦСЫГ СОНГОН ӨМСҮҮЛСЭН-

Түүний хувьд ямар ч бэлтгэлгүй байсан тул фитнес моделиудтай өрсөлдөхөд мэдээж маш олон дутагдал байсан хэдий ч чадлаараа хичээн эх орон, өв соёл, үүх түүхээ гадаад оронд таниулан сурталчилж, хамгийн эхний тэмцээн болох "Best National Costume" төрөлд ялалт байгуулжээ. Үүний дараачаар тэмцээний багийнхан түүнд зориудаар хамгийн зохимжгүй хувцсыг сонгон өмсүүлж байсан гэнэ. Энэ асуудал үнэн эсэхийг түүнээс асуухад,

"Fashion show"-ны үеэр тэмцээний багаас бидэнд зориулан хувцас бэлдэж тус тусад нь хуваарилж өгсөн. Гэтэл надад улаан өнгийн өмд, цэнхэр өнгийн майк, цагаан өнгийн цамц өгөөд шар өнгийн ээмэг нэмсэн. Ямар ч зохицолдоогүй дөрвөн өөр өнгийн хувцас өгсөнд нь үнэхээр гайхсан. Гэхдээ өгснийг нь л өмсөхөөс өөр ямар ч сонголт байгаагүй. Үүнээс үүдэн сошиал орчинд маш олон таагүй сэтгэгдэл хөвөрсөн ч үүний ачаар дэмжигчид ихээр нэмэгдсэнд нэг талаараа баярлаж байгаа.

-АВЬЯАСЛАГ МИССИЙН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙСАН Ч
ТЭМЦЭЭНИЙ БАГИЙНХАН ШУДАРГА БУС ШҮҮСЭН-

-Авьяаслаг миссийн тэмцээнд ч мөн түрүүлэх боломж байсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу. Яг юу болсон бэ?

-"Talent show" болж Монгол үндэстний аягатай бүжиг бүжиглэсэн. Тэр үед би бүтэн үзүүлбэр бэлдэж үзүүлсэн юм. Тэнд байсан хэн нь ч над шиг бүтэн үзүүлбэр бэлдэж ирээгүй. Намайг үзсэн бараг бүх хүмүүс "Чи хамгийн шилдэг нь байхад яагаад шагнал авсангүй вэ" гэж хэлэхэд шүүгчид үнэхээр л шударга бус шүүж дээ гээд маш их харамссан. Хэрвээ би тэр үед шагнал авсан бол эцсийн дүнгээр тэргүүн байранд орох магадлал өндөр байснаас болж тийм шийдвэр гаргасан гэж бодож байна. Яагаад гэвэл би тэр тэмцээнд эртнээс бүртгүүлж, зорьж очоогүй шүү дээ.

-"Miss Media" төрөлд ялалт байгуулсан. Үүнд мэдээж иргэд нийт маш их нөлөөлсөн байх. Хамгийн ихээр хэн тусалж дэмжсэн бэ?

-"Miss Media" төрөлд ялалт байгуулсандаа маш их баяртай байгаа. Би бодохдоо тэмцээний шүүгчдийн өмнө үзүүлбэр үзүүлээд угаасаа амжилт олохгүй юм байна. Гэхдээ сошиал медиагаар дэлхий харж байгаа. Энд байгаа хүмүүсийн толгойг эргүүлчхэж чадах ч дэлхийн хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж чадахгүй гэж бодсон. Тиймээс би энэ шагналыг нүүр бардам авсан. Миний төлөө манай гэрийнхэн ч зүгээр суугаагүй, маш их дэмжсэн. Энэ бол миний гэхээсээ илүү намайг дэмжсэн бүх хүмүүсийн шагнал юм.

-ХҮН БҮР ӨӨРИЙН ГЭСЭН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОНЦЛОГ ЧАНАРТАЙ-

-Өөртөө ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсдэг үү? Бас бусад охид эмэгтэйчүүдэд хандаж хэлмээр, уриалмаар байгаа зүйл юу байна?

-Монголын миссүүдийн дунд нэг домог болсон асуулт байдаг шүү дээ. "If you could change want thonk about your salf. What would'd be?"  би энэ асуултыг өөрөөсөө асууж үзсэн юм. Надад өөрчлөхийг хүсдэг нэг зүйл байдаг. Би өсвөр насны өөртөө маш ширүүн ханддаг байсан. Бусдын хэлсэн үгийг өөртөө өдөр бүр хэлж урам зоригоо мохоодог байсан. Одоо бодоход үнэхээр тэнэг байж. Бусад охиддоо хандаж хэлэхэд чамд бусдаас ялгарах давуу тал, онцлог бий. Тэр чинь чамайг бусдаас ялгаж, үзэсгэлэнтэй болгодог. Өөртөө хэзээ ч бүү эргэлз. Одоо байгаа чинь үнэхээр хангалттайгаас ч илүү байх болно шүү.

-Ярилцсан танд баярлалаа

Т.БЯМБАЖАРГАЛ