ЗГ-ын сайд нар "Төрийн хэмнэлтийн хууль" зөрчиж өөртөө хоёроос дээш зөвлөх ажиллуулж, 1,8 сая хүртэл төгрөгийн цалинг улсаас өгч байна

ЗГ-ын сайд нар "Төрийн хэмнэлтийн хууль" зөрчиж өөртөө хоёроос дээш зөвлөх ажиллуулж, 1,8 сая хүртэл төгрөгийн цалинг улсаас өгч байна

Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, УИХ-д шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглосон.

-ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ГУРВАН ЗӨВЛӨХТЭЙ-

Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, дэд орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалах нь хориотой юм. Мөн тус хуулиар сайд нэг л зөвлөхтэй байх ёстой. Гэтэл Засгийн газрын ихэнх сайд хоёр болон түүнээс дээш зөвлөх ажиллуулж байгаа нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна.

Тухайлбал, Хууль зүйн сайд Х.Нямбаатар яамандаа академич С.Нарангэрэлийг зөвлөхөөрөө ажиллуулдаг бол УИХ дээрээ мөн адил нэг зөвлөхтэй байна. Ташрамд дурдахад, “давхар дээл”-тэй сайд нар хоёроос гурван зөвлөхтэй байж байгаад Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа яаман дахь зөвлөхүүдээ УИХ-ын гишүүнийхээ статус руу шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжүүлсэн болж зөвлөхүүдээ тараан байршуулсан гэсэн үг.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нь О.Одончимэд Батзаяа гэх хоёр зөвлөхтэй аж. Дээрхээс гадна хэд, хэдэн орон тооны бус /цалин авдаггүй/ зөвлөхтэй байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нь н.Батбаатар гэх зөвлөхтэй бөгөөд УИХ дээрээ мөн зөвлөхүүд ажиллуулдаг байна. “Түмэн шувуу” компанийг үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр л гэхэд Х.Болорчулуун сайдад орон тооны бусаар зөвлөдөг байна.

Цаашлаад Шадар сайд С.Амарсайхан нь П.Оюунчимэг, Г.Ганболд, С.Энхцэцэг нарын гурван зөвлөх ажиллуулдаг байх жишээтэй. Мөн Соёлын сайд Ч.Номин нь н.Азжаргал, н.Бямбадорж нарын гурван зөвлөх ажиллуулдаг байна. Улмаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн гээд бүхий л сайд нар хоёр буюу түүнээс дээш зөвлөх ажиллуулж байна. 

-АГЕНТЛАГИЙН ДЭД ДАРГА НАРЫГ ЧӨЛӨӨЛСӨН Ч ШИНЭЭР ГАЗАР, ХЭЛТЭС БИЙ БОЛГОЖ ӨГӨӨД АЖИЛЛУУЛЖ БАЙВ-

Төрийн хэмнэлтийн хуулийг татвар төлөгчдийн мөнгийг шаардлагагүй зүйлд зарцуулдаг байдлыг зогсоох зорилгоор баталсан. Энэ хүрээнд Засгийн газрын агентлагийн дэд дарга нарыг тус хуулийн дагуу чөлөөлсөн ч халагдсан дарга нартаа зориулан шинэ бүтцийн газар, хэлтэс бий болгож өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Гэтэл бодит байдал дээр сайд нар ч баталсан хуулиа мөрдөхгүй зөвлөхийн тоогоо хэтрүүлэн ажиллаж нэг зөвлөхдөө 1.2-1.8 сая төгрөгийн цалинг улсаас өгч байна.

Угтаа бол сайд нар зөвлөхгүй ч ажиллаж болох талаар өмнө нь энэ чиглэлд судалгаа хийдэг төрийн бус байгууллагуудаас сануулж байлаа. Гэтэл хууль мөрдөх ёстой албан тушаалтнууд өөрсдөө хуулиа зөрчөөд Төрийн хэмнэлтийн хуулийг “дашийн шог” болгож буй хоёр дахь жишээ нь энэ юм. Сонирхуулахад, Засгийн газрын сайд нарын зөвлөхүүд яамны ажилд сайтар оролцдоггүй бас мэддэггүй. Харин тэд "улс төрийн албан тушаалтан" тул даргадаа хов зөөх, улс төрийн хор найруулах, хувийн ажлаа амжуулах гээд төрд ямар ч хэрэггүй орон тоо гэх шүүмжлэл байгаа юм.